Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 43 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Лувсанноровын Угтахбаярыг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тухайн албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн бол хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Зундуйн Энхцэцэгийг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.  

Мөн тус дугаарт Журам шинэчлэн батлах тухай, Журам батлах тухай, Журам, бүтэц, орон тоо батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна. Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар Уур амьсгалын Үндэсний хорооны ажиллах журам”-ыг шинэчлэн баталсан ба Уур амьсгалын Үндэсний хороо (цаашид Үндэсний хороо гэх) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Парисын хэлэлцээр, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангах, зохицуулах үүрэг бүхий орон тооны бус байгууллага юм. Журам батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг баталсан бөгөөд тус журмаар музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах ажээ. Журам, бүтэц, орон тоо батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээс зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, харилцан мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Зорчигчийн мэдээллийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо”-г тус тус баталсан байна. “Олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээс зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, харилцан мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах журам”-аар Монгол Улсын агаарын хилээр орох, гарах, дамжин өнгөрөх зорчигчийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээс зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, хадгалах, хамгаалах, ашиглах, харилцан мэдээлэл солилцох, аюулгүй байдлыг хангах болон зорчигчийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах юм. Мөн тус дугаарт “Зорчигчийн мэдээллийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо” нийтлэгдсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл