Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд ажиллаж байсан гишүүдэд талархал гардуулав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр (2024.01.16)  2018-2023 оны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уг зөвлөл нь найман гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гишүүнээр Г.Алтанзаяа, Б.Баярдаваа, Э.Бямбажав, Ё.Мөнхбаатар, Л.Отгонтуяа, Д.Сувдаа, А.Энхжин даргаар Д.Даваасамбуу нар тус тус  ажиллаж байв. Өнөөдрийн уулзалтад зөвлөлийн дарга Д.Даваасамбуу, тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Г.Алтанзаяа, Л.Отгонтуяа нар хүрэлцэн ирсэн байлаа.


Уулзалтын эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнгөрсөн таван жилийн хугацаанд ажилласан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь төсвийн холбогдох хуулийг хэрэгжүүлэх, нийтийн төсөв, санхүүгийн хяналтыг бэхжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж ажилласныг тэмдэглээд УИХ болон Байнгын хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.  

Мөн тэрбээр, төсөв, санхүүгийн хяналтыг сайжруулах зорилгоор төсвийн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсан. Тэр дундаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бие даасан байдлыг хангахад зарим нэг алдаа дутагдал байсныг залруулж, 2023 оны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд эхний алхмыг хийсэн. Цаашид хуулийн шинэчлэл үргэлжлэх ёстойг тодотгоод төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэлд шинэчлэх хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар танилцуулж, санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн 2018-2023 оны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд ажиллаж байсан гишүүдэд  Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны талархлыг гардуулав.  Ташрамд дурдахад, 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор уг зөвлөлийг байгуулсан бөгөөд 2023 оны долдугаар сард төсвийн шинэчлэлийн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталснаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томилсноор зөвлөлийн өмнөх бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл