Цэс

Холбоо барих

“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцүүлж эхэллээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр (2024.02.23) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Ёс зүйн хороотой хамтран явуулсан уг арга хэмжээнд бүх яам, тамгын газрын удирдах албан тушаалтнууд, олон нийт, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож, хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, санал солилцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд чиглүүлэгч, Улсын Их Хурлын даргын захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулагдсан, мөн уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг байгааг товч танилцуулсан юм.


Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр нээж, үг хэлэв. Тэрбээр, Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгмийн тогтолцоонд шилжээд 32 жилийг үдсэн хэдий ч олон асуудалтай тулгарсан хэвээр байна. Тэдгээрийн нэг нь ёс зүй, ёс суртахууны тухай ойлголт юм. Энэ асуудлыг бараг ярьсангүй дээ. Улсын Их Хурал Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог 2022 онд байгуулж, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан. Сануулах, цалингаас хасах зэрэг шийтгэл оногдуулах арга хэмжээг Улсын Их Хурлын гишүүний түвшинд авч байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг Улсын Их Хурал өнгөрсөн хавар баталсан нь манай улсын хувьд анхдагч хууль болсон. Төрийн албаны дэргэд Ёс зүйн хороог байгуулсан. Хөгжил гэдэг бол хүний хөгжлийн тухай юм. Тиймээс ёс суртахууныг чухалд тооцох ёстой. Өнөөдөр Монголын төрийн албанд ёс зүйтэй хүн олон байгаа ч, ёс зүйгүй нь маш олон гэдгийг нийгэмд өрнөж буй зарим үйл явдлаас та бүхэн харж, ойлгож байгаа байх. Төрийн удирдах албан тушаалыг сурч хийдэггүй, сурсан хүмүүс хийдэг юм. Энэ нь мөн л ёс суртахууны асуудал. Дэлхийн банкны судалгаагаар манай улсын иргэдийн төр засагтаа итгэх итгэл сул байна гэсэн дүгнэлт гарсан нь төрийн албаны нэр хүнд, тэнд ажиллаж буй хүмүүсийн мэдлэг чадвар, ёс зүй зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай. Төрийн албаны ёс зүйн асуудлыг өндөр түвшинд авч үзэх хэрэгцээ, шаардлага байна. Улс орны хөгжлийн төлөө зүтгэж байгаа бол хүнээ бэлд. Өндөр боловсролтой, хэл устай ч ёс суртахуунгүй бол төрийн албанд тэнцэх боломжгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй гэсэн юм.


Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо 2023 оны долдугаар сарын 04-ний өдөр Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталж, улмаар Төрийн албаны зөвлөлийн гишүүд, орон тооны бус 4, нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй Ёс зүйн хороог байгуулаад байна. Орон тооны бус дөрвөн гишүүнийг Байнгын хороо томилж, чөлөөлөхөөр тусгасан. Хэлэлцүүлгийн үеэр Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг хүн нэг бүрчилэн танилцуулж, байгуулагдсанаас хойш хийсэн ажлын тоймлон мэдээлэв.


Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг Ёс зүйн хорооноос гадна төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлэх юм. Ёс зүйн хороо “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ыг баталсан гэдгийг тус хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс танилцуулсан юм.

Сүүлийн таван жилийн хугацаанд манай улсад нийтдээ 2961 ёс зүйн зөвлөл байгуулагджээ. Энэ хугацаанд 2474 зөрчил бүртгэгдсэн. Сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд 107 620 албан хаагч хамрагджээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан нь төрийн албыг төлөвшүүлэх, шударга ёсны тогтолцоонд ач холбогдолтой угтвар нөхцөл боловч уг хуулийг хэрэгжүүлэх суурийг зүгшрүүлэх, үр нөлөөг нэмэгдүүлэхэд зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр чухал нөлөөтэйг онцолж байлаа.


“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” нь Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлж, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр болно. 2030 он хүртэл хэрэгжих уг хөтөлбөрийг 6 үндсэн зорилгын хүрээнд  14 зорилттой байхаар төсөлд тусгажээ. Өнө эртнээс уламжлалтай Монгол төрийн түүх, соёлд түшиглэн уг төслийг боловсронгуй болгох, соён гэгээрүүлэх, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд зарцуулах төсвийг тодорхой тусгуулах, төрийн албыг улс төрийн намаас ангид байлгах бодлого баримтлах, томилгоонд хөндлөнгөөс оролцдоггүй байх, иргэдэд мэдлэг, мэдээлэл хүргэхэд анхаарах, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах зэрэг саналыг хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс гаргасан юм.

Үндэсний хөтөлбөрийн төслийг Улсын Их Хурлын цахим хуудас, D-parliament цахим платформд нээлттэй байршуулж, хэлэлцүүлгийг олон нийтийн дунд, холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийн дунд явуулж, санал авах бөгөөд холбогдох төрийн байгууллагууд, иргэд, олон нийт цахим болон цаасан хэлбэрээр саналаа ирүүлэх боломжтой. Ёс зүйн хорооноос сургалт, мэдээлэл өгөхөд бэлэн байгаа хэмээн хэлэлцүүлгийн төгсгөлд Ажлын хэсгээс мэдэгдэв.

Төслийг шат дараалан олон сувгаар нээлттэй хэлэлцүүлсний дараа, олон нийтийн саналыг тусгаж, Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна хэмээн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга хэлснээр энэ өдрийн хэлэлцүүлэг өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл