Цэс

Холбоо барих

Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа

Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров өнөөдөр (2024.02.27) Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхав.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын зөвлөлийн дарга А.Жапаров Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын айлчлал амжилттай үргэлжилж, хоёр улсын парламент хоорондын дээд хэмжээний айлчлалын давтамж хадгалагдаж буйд баяртай байгаагаа цохон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төв Азийн зүрхэнд орших байгалийн үзэсгэлэн  бүрдсэн “баян бүрд” бүхий Киргиз Улсын ард түмний ахуй амьдрал, хөгжил цэцэглэлтэй танилцах завшаан тохиож буйг онцлоод, 21 жилийн дараа Монгол Улсын парламентын тэргүүн ийнхүү айлчлал хийж байгаа нь хоёр улсын өндөр дээд, хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэв.

Мөн тэрбээр энэхүү айлчлалын хүрээнд Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Эрхэмсэг ноён Н.Шакиевтай “Монгол Улсын Их Хурал болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (Парламент) хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, ялангуяа авто болон төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх тээвэр, худалдааны саад, бэрхшээлийг арилгах асуудлаар хамран ажиллах талаар тохиролцсоныг дурдав.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаров, Киргиз, Монголын Засгийн газар хоорондын комиссын ээлжит тавдугаар хуралдааныг 2024 оны  II улиралд Бишкек хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангаж буй талаар дуулгаж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тус улсаар дамжуулан Төв Ази болон Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд монголын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоох бүрэн ашиглахыг санал болгож байлаа.

Түүнчлэн “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Бүгд Найрамдах Киргиз Улс нэгдэхэд дэмжлэг үзүүлэхийг санал болгов.

Мал аж ахуйн салбарыг хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болгож хөгжүүлэх, цаашид мал аж ахуйн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банкны дэд дарга Манас Жакыпов нар Монголбанк, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банкны дэд дарга Манас Жакыпов нар Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн яамны харъяа Мал эмнэлгийн албаны дарга У.Кожобергенов нар Монгол Улсын Засгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн яамны харъяа Мал эмнэлгийн алба хоорондын мал эмнэлгийн үйлчилгээний салбарын харилцан ойлголцлын санамж бичигт, Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Евразийн бүсийн хорооны дарга С.Баатарсүрэн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хадгаламжийн хамгаалалтын агентлагийн захирал К.Букуев нар Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпораци, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хадгаламжийн хамгаалалтын агентлаг хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичигт, Монгол банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, "Киргизалтын" нээлттэй хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга К.Абдраймов нар Монголбанк, "Киргизалтын" нээлттэй хувьцаат компани хоорондын санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

Талууд  эдийн засаг, банк санхүү, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих төмөр зам, тээвэр, соёл, боловсролын хөтөлбөр, аялал жуулчлал, хөдөө, аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар  санал солилцож улмаар санамж бичиг байгуулснаар талуудын хамтын ажиллагааны эхлэл, эрх зүйн үндэс бүрдэж байгааг харилцан нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл