Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 16 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн байна. Тус хуулиар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн “Газрын тухай7,” гэснийг хасаж, 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсон.

Мөн эмхэтгэлийн тус дугаарт “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны шалгалтын сэдвийг “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоосон байна. Түүнчлэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг дараах байдлаар тогтоосон. Үүнд: 1/ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа; 2/ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг бүртгэх үйл ажиллагаа; 3/тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх; 4/ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа.

Дээрх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Үүнд олонхыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан нар бол цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар. 

Хяналт шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг Хянан шалгах түр хороонд даалгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл