Цэс

Холбоо барих

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2024.05.01) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулиар төрийн өмчит компанид газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг гадаад, дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран явуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

Монгол Улсад газрын тосны олборлолт 2015 онд 1.2 сая орчим тоннд хүрч байсан бол сүүлийн жилүүдэд олборлолтын хэмжээ эрс буурч, 2023 онд 600.0 орчим мянган тонн газрын тос олборлосон дүнтэй гарчээ.

Газрын тосны голлох олборлолт хийгдэж буй Тамсаг, Тосон-Уулын ордын тосны нөөц 14,02 сая.тн болж буурах, жилийн олборлолтын хэмжээ 700.0 мянгаас 400.0 мянган тонн хүртэл буурах төлөвтэй байгаа нь үйлдвэр ашиглалтад орох үед түүхий эдийн тогтвортой хангамжид эрсдэл үүсч болзошгүй байна.

Газрын тосны тухай хуулиар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгж буюу Гэрээлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.1.4-т заасны дагуу “ногдол ашгийн орлогод 10 хувиар, жилийн орлогод 25 хувь"-иар төлөх татвараас чөлөөлөгддөг.

Түүнчлэн, Газрын тосны тухай хуулийн 4.1.14-д "бүтээгдэхүүн хуваах гэрээ" гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг" ойлгохоор заасан бөгөөд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжгүй учраас өөрт олгогдсон талбайд хөрөнгө оруулалт хийж, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах, хамтран ажиллах хөрөнгө оруулагч компанийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн нэгэн адил Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Иймд Давст XXXI талбайд хөрөнгө оруулагчтай хамтран хайгуулын ажлыг эрчимтэй явуулснаар газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, улмаар "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК нь тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тодорхой хэсгийг өөрийн олборлосон тосоор хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл