Цэс

Холбоо барих

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр (2024.05.22) Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийн зорилго нь Төсвийн тогтвортой байдлын төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл зэрэг эрх зүйн байдлыг нарийвчлан тогтоох, үйл ажиллагааны баталгаа болон баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэгдэнэ хэмээн хууль санаачлагч, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.

 

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.” гэж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны “Зорилт 4.1.2.Төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлсэн, үр ашигтай, хариуцлагатай төсөв, санхүүгийн тогтолцоотой болсон байна.” гэж тус тус заасан.

Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг хангуулах, төсвийн холбогдох шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны 7 гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөл Улсын Их Хурлаас томилогдсон. Одоогоор Зөвлөлийн төрийн албаны статус болон Зөвлөлийн дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл тодорхойгүй учир Улсын Их Хурлаас томилогддог зөвлөл, хороо ижил түвшний төрийн байгууллагуудтай  адилтгаж Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн захиргааны адилтгах албан тушаалд хамааруулах юм. Иймд Зөвлөлийн дарга, гишүүний эрх зүйн байдал, үйл ажиллагааны болон нийгмийн баталгааны асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нарийвчлан хуульчилж өгөх бодит хэрэгцээ шаардлага бий болсон. Ингэснээр Зөвлөл үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус, ил тод, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэлээ.

 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл d.parliament.mn цахим хуудаст байршуулагдсан ба төсөлтэй холбогдуулан санал ирээгүй бөгөөд хуулийн төсөл нь 4 зүйлтэй юм байна.

Төсвийн ил тод байдлыг хангах, хөндлөнгийн хяналтыг сайжруулах, төрийн аудитын хяналтыг бэхжүүүлэх, төсвийн хяналтыг сайжруулах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж төсвөө боловсруулдаг болох, төсөв санхүүгийн үр ашиг, гадаад зээл тусламжийн үр өгөөж дээшилж, төсвийн үргүй зардал багасах зэрэг ач холбогдолтой аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл