Цэс

Холбоо барих

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эцсийн, 2024 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.27) үдээс хойших нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа даргалан эхлүүллээ. Үдээс өмнө хэлэлцэж эхэлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар 2023 онд төсвийн талаар найман тэргүүлэх чиглэлийн хүрээнд 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласныг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлоод төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 22.5 их наяд төгрөгөөр аудит хийж баталгаажуулсныг тэмдэглэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 1.3 их наяд төгрөгөөр давуулж, урсгал зарлагыг 966,2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг 1.0 их наяд төгрөгөөр тус тус дутуу зарцуулан, эргэн төлөгдөх цэвэр зээл 292,8 тэрбум төгрөгөөр дутуу бүрджээ. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцлийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 786,9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Засгийн газрын нийт өр 2023 онд 30.8 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь өнөөгийн үнэ цэнээр тооцвол 26.6 их наяд төгрөг болж ДНБ-ий 38.6 хувьтай тэнцэж, өрийн үлдэгдэл өмнөх оноос 1.1 их наяд төгрөгөөр буюу 4.0 хувиар буурсныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав дурдлаа.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд 7.4 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 1139 төсөл, арга хэмжээг 2.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсны тухайн жилийн санхүүжилтийн гүйцэтгэл 83.2 хувь, тухайн онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн 883 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 62.5 хувьтай байгаа аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг хэрэгцээ шаардлага, тэргүүлэх ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжөөр эрэмбэлээгүй, санхүүжилтийг хэрэгжих хугацаатай нь уялдуулж төлөвлөөгүй, тулгарсан асуудлыг шийдвэрлэх цаг хугацаа, шат дараалал тодорхойгүй, гэрээний хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа зэрэг нь төсөл арга хэмжээний хэрэгжилт удаашрах, зогсонги байдалд хүрэхэд нөлөөлж, төсөвт өртөг нэмэгдэх шалтгаан болж байна гэж аудитын дүгнэлтэд дурдсан байна. Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчдад 11 зөвлөмж өгч, илэрсэн зөрчилд 8.2 тэрбум төгрөгийн 11 төлбөрийн акт тогтоож, 28.6 тэрбум төгрөгийн 15 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тогтолцоог үнэлэх, барилга байгууламжийн зураг төсөл, гүйцэтгэлд  илэрч байгаа нийтлэг зөрчил, тулгарч буй асуудалд судалгаа, шинжилгээ хийж эрх зүйн орчныг сайжруулах замаар хөрөнгө оруулалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тэрбээр Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулахдаа онцолсон юм.

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тухайд, гадаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дамжуулан зээлдүүлсэн олон жилийн насжилттай, хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгдээгүй 1.1 их наяд төгрөгийн авлагын үлдэгдэлтэй, гадаад зээлээр санхүүжүүлж 2018-2022 онд хэрэгжиж дууссан “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл төсөл”-ийн нийт 176.7 тэрбум төгрөгийн дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулаагүй, авлагаар бүртгээгүй, орон сууцны хороолол, дэд бүтэц төслийн хүрээнд дамжуулан зээлийн гэрээний дагуу 2012 онд олгосон нийт 239.2 тэрбум төгрөгийн дамжуулан зээлийн гэрээний эргэн төлөлт хийгдээгүй, гэрээний дагуу маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллаагүй, мөн гадаад зээл, буцалтгүй тусламжаар санхүүжсэн 10 төсөл хөтөлбөрийн бусад эргэлтийн хөрөнгө, дуусаагүй барилга байгууламж, урьдчилж гарсан зардал дансанд бүртгэлтэй нийт 534.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг эзэмшигч, ашиглагч байгууллагад шилжүүлж, төслийн хаалтын санхүүгийн тайлан бэлтгээгүй зэрэг үндэслэлээр “Хязгаарлалттай” гэсэн дүн тавьсан байна.

Түүнчлэн, нийт нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналтай холбоотой 3.85 их наяд төгрөгийн алдаа илэрснээс 3.8 их наяд төгрөгийн алдааг залруулж, хууль тогтоомж зөрчсөн 4.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 62 төсвийн ерөнхийлөн захирагчийн 34-т “Өөрчлөлтгүй”, 28-д “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгчээ.

Аудитын дүгнэлтэд үндэслэн, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд тусгасан эдийн засгийн үзүүлэлтүүдийг тухайн жилийн төсвийг батлахдаа өөрчлөхгүй байх, Төсвийн тухай хуулиар батлаагүй хөрөнгө оруулалтын болон нийгмийн шинжтэй төсөл, арга хэмжээг төрийн өмчит хуулийн этгээдүүд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж, байгууллагын ашигт ажиллагаа, төвлөрүүлэх ногдол ашигт сөргөөр нөлөөлж буй асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулахад анхаарал хандуулж, дэмжиж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэв. Мөн төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гарган, биржээр нээлттэй арилжаалж олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангах талаар Засгийн газарт өгсөн үүргийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллахыг хүслээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Г.Дамдинням, М.Нарантуяа-Нара, Д.Батлут, Го.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нар асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүд зэсийг яагаад биржээр зарахгүй байгаа, нүүрсний биржийн арилжаа ямар түвшинд байгаа болон төсвийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, утаагүй түлшний үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилт, төслийг амжилтгүй болгосон хүмүүстэй ямар хариуцлага тооцож байгаа, “Авлига хороолол” гэгддэг Акуа хорооллыг барьж байгаа аж ахуйн нэгжийн хууль зөрчсөн үйлдлийг яагаад таслан зогсоохгүй байгаа, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийн гүйцэтгэгч компаниудад хэрхэн хяналт тавьж буй, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төслүүдтэй холбоотойгоор хохирсон иргэдийн эрх ашгийг хэрхэн хангах, мөн “Бордюрын мафи”, төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, өр төлбөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөлгүй төслүүдийн санхүүжилтийн дүн, төсөвт өртгийн өсөлтийн шалтгаан, Гашуун сухайт-Ганц мод боомт чиглэлийн төмөр замын ажил, улсын төсвийн зардлын өсөлт тусгай шаардлагыг хэтэрсний шалтгаан, нөхцөл, давсан орлого болон хэмнэсэн зардлыг захиран зарцуулах нөхцөл боломжийг нээх, авлигын хэргээс хурааж авсан хөрөнгө, түүний зарцуулалт, аудитын зөрчлүүдэд тавьсан акт, түүний мөнгөн дүн, хохирол барагдуулах арга хэмжээ зэрэг асуудлуудыг хөндөж, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хууль зүйн сайд О.Алтангэрэл, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав, Ерөнхий аудитын орлогч Я.Самбууням болон Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Г.Дамдинням, Б.Энхбаяр, Д.Үүрийнтуяа, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, С.Эрдэнэбат, О.Алтангэрэл, Б.Түвшин, Г.Очирбат нар үг хэлж, саналаа илэрхийлсэн юм. Ингээд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон бусад Байнгын хороодод шилжүүлэв.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар үүний дараа “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан даргалан явуулав. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж төсвийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар байнгын хороонд шилжүүлсэн хоёр санал, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн найман саналаар тус тус санал хураалт явуулсныг онцлон дурдсан юм.

Тогтоолын төслийн гуравдугаар заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул Байнгын хороо "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсгийг баримтлан анхны хэлэлцүүлгээр батлуулах талаарх Улсын Их Хурлын гишүүн Ж.Батрдэнийн гаргасан горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр нар асуулт асууж, хууль бусаар олгосон газрыг нийтийн эзэмшлийн газар болгож ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон "Хэрлэн-Тооно", Орхоннги төслүүдийг ямар зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, мөн хилийн зурваст уул уурхайн ашиглалт явуулж байгаа гэх мэдээллийн талаар хариулт авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Галбадрах, С.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан, Г.Очирбат, А.Ганбаатар, Го.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэнээр уг тогтоолыг батлах талаар санал хураалт явуулав. Тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын гишүүдийн олонх үзсэнээр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэгт хэсгийн тэнцвэржүүлсэн тэнцэл гэсэн үзүүлэлтийг хуульд хэвээр үлдээж, эшлэлийг хуульд нийцүүлэн өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдэд Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн хууль зүйн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсжээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал төсвийн тусгай шаардлагыг өөрчилснөөр гарах зардлын болон Засгийн газрын өрийн өөрчлөлтийг талаар асууж хариулт авсан юм. Дараа нь Төсвийн байнгын хорооноо гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэгт хэсгийн тэнцвэржүүлсэн тэнцэл гэсэн үзүүлэлтийг хуульд хэвээр үлдээж, эшлэлийг хуульд нийцүүлэн өөрчлөх тухай уг зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, төслийн эцсийн хувилбараар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээг 28 их наяд 872,5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 30 их наяд 487,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.5 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 615.4 тэрбум төгрөг буюу ДНБ-д эзлэх нийт төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -2.0 хувьтай тэнцүү байхаар тооцсоныг дурдаад, хуулий төслүүдийн эцсийн хувилбарыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн талаар тэмдэглэв.

Төсвийн байнгын хороны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй тул Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл хийлээ. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төрийн өмчийг нийслэлийн өмчид шилжүүлэх тухай, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийг найруулах, 22.9.9 дэх заалтын мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн хуульд заасан үйл ажиллагааг гэсэн нь тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.19 дэх заалтад 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлттэй давхцаж байгаа тул өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс хасах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуульд нийцүүлэн холбогдох өөрчлөлт оруулах санал гаргасныг мөн дэмжсэн байна. Түүнчлэн тэрбээр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 22.9.10 дахь заалтыг төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа гэж өөрчлөн найруулах, “Төрийн өмчийг нийслэлийн өмчид шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2 дахь заалт буюу “Тавантолгой түлш ХХК-ийн татаасыг улсын төсвөөс санхүүжүүлэх саналыг хасах санал гаргасныг Байнгын хороодын гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ.

Байнгын хорооны саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг асуулт асууж, “Тавантолгой түлш ХХК-ийг нийслэлийн өмчид шилжүүлэхдээ өр төлбөрийг хэрхэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хангах асуудлаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нараас тодорхой хариулт авав. Дараа нь Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураав. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулган нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үүний дараа хэлэлцсэн юм. Нийт төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс тодорхой хувиар нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн Ажлын албаны албан хаагчдын цалингийн итгэлцүүлэлт өөрчлөлт оруулах тухай уг тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд уг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул санал хураалт явуулж “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Дараа нь мөн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнг бие даасан төсвийн байгууллага болгохоор тусгасан тул хууль хоорондын нийцлийг хангах зорилгоор тогтоолын төсөл боловсруулсан талаар тодорхой дурдлаа. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул мөн санал хураалт явуулж “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл