Цэс

Холбоо барих

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаанаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил, хүлээж буй үр дүнгийн талаарх мэдээлэл сонслоо


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны өнөөдрийн /2026.04.14/ хуралдаан ирвэл зохих найман гишүүнээс Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, М.Мандухай, Б.Пунсалмаа, А.Ундраа,  Б.Уянга нар  хүрэлцэн ирснээр 62.5 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Б.Уянгын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажил, хүлээж буй үр дүнгийн талаарх мэдээллийг сонсов.


Энэ талаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хулыг зохион байгуулах ажлын албаны Бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын багийн ахлагч Ж.Санчир мэдээлэл хийсэн. Тэрбээр илтгэлдээ, Бага хурлын сэдэв, уриа, нөхөн сэргээлтийн ач холбогдол, хүлээж буй үр дүн, нэгдсэн төлөвлөгөө, санаачилгуудын талаар болон үндсэн санаачилгуудаа Тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдуулсныг хөндөн, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  

“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” гэсэн нэгдсэн уриан дор болох тус бага хурал цөлжилт, газрын доройтол гэсэн сэдвийн хүрээнд болохыг тэмдэглээд нийслэл Улаанбаатар хотод болох уг хуралд 10 мянга орчим хүнийг оролцуулахаар төлөвлөсөн гэв. Мөн дэлхийн нийт газар нутгийн 40 орчим хувь доройтож, биологийн олон янз байдал алдагдаж, амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлтөд нэн сөргөөр нөлөөлж байгаа тул байгаль орчны нөхөн сэргээлтийн ач холбогдлын талаар илүүтэй хөндөж ярилаа.


Тодруулбал, 2030 он гэхэд доройтсон 1.5 тэрбум га газрыг нөхөн сэргээх зорилттой байгаа бөгөөд одоогийн байдлаар доройтсон 150 сая газрыг нөхөн сэргээснээр 200 сая хүний хүнсний аюулгүй байдлыг сайжруулах боломжтой. Нөхөн сэргээлтэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт 7-30 ам.долларын үр өгөөжийг бий болгодог гэж мэдээлэлд дурдсан байлаа. 

Бага хурлын хүрээнд Монгол Улсаас "Тал хээрийн төлөвлөгөө" гэсэн нэгдсэн санаачилгыг дэвшүүлэхээр зэхэж байгаа бөгөөд одоогоор мөнгөн болон мөнгөн бус амлалт бусад санхүүжилтийн боломжийг 1.0 тэрбум ам доллар гэсэн зорилт тавьсан гэв.  

Тус бага хурлаас хүлээж буй үр дүнгийн талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хүрээнд бэлчээр, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн тэргүүлэх гурван санаачилгыг дэвшүүлэхээр төлөвлөж байна гэв. Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас танилцана уу.


Түүнчлэн дээрх гурван санаачилгыг Тогтвортой хөгжлийн зорилттой хэрхэн уядуулсан талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүнтэй холбогдох мэдээллүүдийг доорх зурагнаас харна уу.




Тус бага хурлыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд хуванцаргүй, хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар “хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл” (SDG 12) болон “усан доорх амьдрал” (SDG 14), шийдвэр гаргалт болон арга хэмжээнд олон талт оролцогчдыг хамруулан тэгш, хүртээмжтэй оролцоог хангах замаар “жендэрийн тэгш байдал” (SDG 5) болон “тэгш бус байдлыг бууруулах” (SDG 10), үндэсний  үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг дэмжих замаар “зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт” (SDG 8)-ийг дэмжин ажиллах зорилготой байгааг мэдээлэлд дурдсан байв.


Дараа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хулыг зохион байгуулах ажлын албаны Үйлчилгээ, логистик, аюулгүй байдлын газрын дарга Н.Өнөр хүлээгдэж буй үр дүн, Үндэсний хорооны 16 дугаар хурал, бэлтгэл ажлын хүрээнд гүйцэтгэж буй ажлын талаар товч мэдээлэл өгөв.

Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороо 12 дэд хороотой бөгөөд тэдгээрийг холбогдох салбарын сайд, Засгийн газрын гишүүд, Төрийн нарийн бичгийн дарга нар ахалж, нийт 786 ажил бүхий нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллаж байна гэлээ. Мөн тус бага хурлыг зохион байгуулахад зориулан 44м2 түр барилга байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд барьж буйг дурдаад хуралд оролцогчдыг 85 зочид буудалд хүлээн авахаар төлөвлөж, эхний ээлжин 30 гаруй зочид буудалтай гэрээ байгуулаад байна гэв.

Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудтай тус бага хурлын гурван үндсэн санаачилгыг нягт уялдуулан, эдийн засгийн өсөлт, зохистой хөдөлмөр эрхлэлт нь аялал жуулчлалын үйлчилгээний салбарын өсөлт болон эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Энэ хүрээнд олон улсын стандартыг хангасан арга хэмжээний орчныг бүрдүүлэхэд чиглүүлж ажиллана гэлээ. Харин олон улсын түншлэл, хамтын ажиллагаа, дипломат харилцааг өргөжүүлэхэд Улсын Их Хурал, гишүүд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүссэн юм.  


Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа,  Бага хурлыг зохион байгуулснаар хүрэх үр дүнгийн талаар нарийвчилсан төлөвлөлт бий эсэх, улмаар арга хэмжээнд нийтдээ хувийн хэвшлээс хэчнээн оролцогч ирэхээр төлөвлөснийг тодруулав.


Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө” дэвшүүлээд 1.0 тэрбум амдолларын санхүүжилт босгох хүрээнд Монгол Улсын газар нутгийн хэдэн хувийн цөлжилтийг бууруулна гэх зэргээр нарийвчилсан төлөвлөгөө гаргасан эсэх, олон талуудын оролцоотой томоохон арга хэмжээ зохион байгуулахад Улаанбаатар хотын түгжрэлийг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөснийг лавлаж байлаа.


Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Улсын Их Хурал, гишүүдийн зүгээс гурван тэргүүлэх санаачилгын хүрээнд ямархуу дэмжлэг шаардлагатай байгаа талаар болон ялангуяа ус ба газрын нэгдсэн менежментийн хүрээнд говийг усжуулах төслүүд багтсан эсэхийг хөндөхөд, ажлын хэсгээс дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.      

Хуваалцах:

Холбоотой мэдээ