Цэс

Холбоо барих

УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчицагийн урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд тус улсад бүлгийн айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Х.Жангабыл, Д.Үүрийнтуяа нар ажиллав.

Айлчлалын хүрээнд бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Польш Улсын Сейм (парламентын доод танхим)-д холбогдох албан ёсны уулзалтууд (https://www.parliament.mn/nn/77032/ ) хийснээс гадна Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн дэд сайд Игнацы Немчыцки, Уур амьсгал, байгаль орчны дэд сайд Кшиштоф Галос, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Яцек Черняк, Эрчим хүчний дэд сайд Мариан Змажлы нарын Засгийн газрын төлөөлөлтэй тус тус уулзалт хийж, Монгол, Польш хоёр улсын хамтын ажиллагаа болон салбарын асуудлаар санал солилцлоо. 

Түүнчлэн УИХ-ын төлөөлөгчид айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Монгол, Польшийн бизнес форум, хоёр улсын харилцааны фото үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцож, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газар болон монгол уламжлалт эмч нарын төлөөлөлтэй тус тус уулзалт хийлээ.

Айлчлалын төгсгөлд бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Польш Улсын Полковице дэх “Rudna” зэсийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, Уул уурхайн төв хүрээлэн, Үндэсний судалгааны хүрээлэн, Уул уурхайн аж үйлдвэр, худалдааны танхим, "KGHM" болон "KGHM Zanam" уул уурхайн компанийн удирдлагуудтай тус тус уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэхүү айлчлал нь Монгол, Польшийн парламентын бүлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол, Польш хоёр улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн бүлэг Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй анхны бүлгийн айлчлал гэдгээр онцлогтой болов.


Хуваалцах:

Холбоотой мэдээ