Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.04.21) Р.Батболд, Х.Булгантуяа, Л.Соронзонболд, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Б.Жавхлан, Б.Заяабал, Г.Лувсанжамц, Б.Жаргалан, О.Батнайрамдал, Б.Пунсалмаа, Э.Одбаяр, Г.Очирбат, А.Ундраа, Б.Уянга, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нарын 19 гишүүн хүрэлцэн ирснээр, 56.3 хувийн ирцтэйгээр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдлаа. Хуралдаан 15 цаг 15 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.



Хэлэлцэх асуудлын тов дарааллын эхэнд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал горимын санал гаргасан. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураахад, гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг хэлэлцсэн.



Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан тухай хуралдаан даргалагч Л.Соронзонболд уншиж танилцууллаа.



Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдлаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат, Г.Очирбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцлоо.



Байнгын хорооны хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нараас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Д.Энхтүвшин гишүүн танилцуулахдаа, аж ахуйн нэгж, байгууллагуудын худалдаа, үйлдвэрлэлийг дэмжиж, нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталснаас хойш нэр томьёог өөрчлөх болон найруулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлт 4 удаа орсон. Хууль хэрэгжиж эхэлснээс хойших 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг, хууль эрх зүй, бизнесийн орчин, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл, засаглал, хэлбэрт томоохон өөрчлөлтүүд гарсан. Тухайлбал, тэр цагаас хойш дотоодын нийт бүтээгдэхүүн 138.2 дахин тэлж, 263.4 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрийн 70 гаруй хувь нь нийслэлд төвлөрдөг. 

Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг 26 жилийн дараа хийхэд танхимын эрх зүйн орчин сул, төрөөс эдийн засгийн бодлого боловсруулахад танхимын оролцох оролцоо тодорхойгүй, 21 аймгийн салбар танхимууд бие даан үйл ажиллагаа явуулах чадамжгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоо, гишүүнчлэл, санхүүжилт, зорилт, чиг үүргийг өнөөгийн эдийн засаг, бизнесийн нөхцөл байдалд уялдуулан өөрчлөх шаардлагатай. Олон улсын жишиг тогтсон, зохион байгуулалт, бүтэц бүхий танхимын үйл ажиллагаа улсын хэмжээнд хэрэгжиж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг онцлогтойг харгалзан эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг танхим, мөн аймаг, нийслэлийн танхим байгуулахаар төсөлд тусгасан. Ингэснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа чиглэлд хамаарах салбар танхимд нэгдэж, асуудлаа шийдвэрлэхэд төрийн болон бусад байгууллагуудтай хамтрах, дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн нэг Үндэсний танхимтай байх бөгөөд энэ танхим нь хууль, эсхүл Засгийн газрын шийдвэрээр шилжүүлсэн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж болохоор төсөлд оруулсан.

Найман бүлэг, 29 зүйл бүхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрх тодорхой болж, жижиг, дунд бизнес эрхлэгч нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх боломж, бололцоо нэмэгдэнэ. Мөн дундын шийдэл, шийдвэрт хүрэх тогтвортой нэгдсэн бүтэц бий болно. Аж ахуй эрхлэгчдийн хооронд үүссэн маргааныг заавал шүүхээр шийдүүлэх бус эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтай шийдүүлж, иргэний хэргийн шүүхийн ачаалал буурах зэрэг олон эерэг нөлөөтэй. Хуулийн төсөлд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааг улс төрөөс ангид, хараат бус байх зохицуулалтыг тусгасан хэмээн танилцууллаа. 



Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Г.Уянгахишиг, С.Эрдэнэбат, Б.Заяабал, О.Батнайрамдал, Г.Очирбат, Б.Жаргалан, М.Мандхай нар асуулт асууж, үг хэллээ. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлахгүй байх, хэт нэг талд эрх мэдэл олгож монополь байдал бий болгохоос зайлсхийх, улс төрөөс хараат бус байлгах, нийтлэг эрх ашгийг чухалчлах шаардлагатай гэсэн байр суурийг тэд илэрхийлсэн юм.







Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Жаргалан, М.Мандхай нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар байр суурь илэрхийлж үг хэллээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг санал хураалтаар шийдвэрлэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.





Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ. 



Хууль санаачлагч илтгэхдээ, 1991 онд батлагдсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг хүчингүй болсонд тооцож, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, Иргэний хууль, Компанийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон. 1991 онд батлагдсан хууль нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж байсан түр шилжилтийн үед эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн үйлдвэр, байгууллагын үйл ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлэх зорилгоор гарсан онцгой арга хэмжээний шинжтэй зохицуулалт байсан. Гэвч энэ хууль өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй хэвээр байгаа нь эрх зүйн орчны зөрчил, давхардлыг бий болгож, төрийн байгууллагын оролцоог албадлагын замаар хэт төвлөрүүлэх, компанийн засаглалын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн юм.

Түүнчлэн уг хуулийг үндэслэн 2019 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК зэрэг хэд хэдэн томоохон компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэ нь эдгээр компанийн удирдлагын бүтэц, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах эрхэд шууд хяналт тогтоох замаар компанийн бие даасан байдлыг хязгаарлаж, улс төрийн оролцоо, ашиг сонирхлын зөрчлийг нэмэгдүүлэх эрсдэл дагуулсан. Энэхүү хуулийн хэрэглээ нь өнөөгийн эдийн засгийн бодит нөхцөлд нийцэхгүй болсон гэж үзэж байгаа хэмээн С.Цэнгүүн гишүүн хууль санаачлагчийн илтгэлдээ дурдлаа. Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн орчны давхардал, зөрчил арилж, төрийн оролцоо хуульд заасан хүрээгээр хязгаарлагдана. Улмаар төрийн өмчит компанийн засаглал ил тод, хариуцлагатай болж, улс төрийн нөлөө, авлига, ашиг сонирхлын эрсдэл буурч, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд зах зээлийн зарчмаар бие даан үйл ажиллагаа явуулах, ашгийн төлөө үр ашигтай менежмент хэрэгжүүлэх чадамж нэмэгдэн компанийн гүйцэтгэл, үр ашиг илүү тогтвортой хэмжээнд хүрэх боломжтой хэмээн танилцууллаа.



Хэлэлцүүлж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Б.Уянга, Б.Жаргалан, Г.Уянгахишиг нар асууж, тодруулсан. Гишүүдийн асуултад хууль санаачлагч биечлэн хариулт өгч байв. Тэрбээр хариулахдаа, хувийн өмчид халдаж болзошгүй зөрчилтэй нөхцөл үүссэн хэмээв.

Ийн хэлэлцээд, хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэгчээр Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалыг томилов.



Эдийн засгийн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, 61.9 хувийн саналаар баталсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг өөрийнх нь хүсэлтээр харьяалах дэд хороог нь өөрчилж, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны гишүүнээр томиллоо.



Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын тайланг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг тус хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун танилцуулсан юм. Тайлант онд зохицуулалттай 11 салбарын 5930 этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 4787 хуулийн этгээд, иргэд, 1143 нь даатгалын төлөөлөгч ажээ. Мөн биржийн зах зээлд 323.6 тэрбум төгрөгийг, биржийн бус зах зээлд 125 үнэт цаас гаргагчийн 1.6 их наяд төгрөг, 63.9 сая ам.долларыг, Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар үнэт цаасны бирж, биржийн бус зах зээлд 2025 онд давхардсан тоогоор нийт 2.1 их наяд төгрөгийг бондын зах зээлээс татан төвлөрүүлсэн байна. 

Даатгалын салбарын зохицуулалтын орчин идэвхтэй шинэчлэгдсэн. Энэ салбарын зохицуулалтын шинэчлэл нь санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлжээ. Учир нь даатгалын хураамжийн орлого тогтмол өсөлттэй, даатгалын компаниудын хөрөнгө өмнөх онтой харьцуулахад 16.4 хувиар өсөж, 771.3 тэрбум төгрөгт хүрсэн, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ өсөхийн зэрэгцээ даатгалын бүтээгдэхүүний төрөл, хамрах хүрээ өргөжсөн нь иргэд, аж ахуйн нэгжийн эрсдэлийг даатгалаар хамгаалах боломж нэмэгдэж, эрсдэлийн хамгаалалт бодитоор сайжирсан. Даатгалын компаниудын хөрөнгийн зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт 87.5 тэрбум төгрөг хүрч, 5 даатгалын компани олон нийтэд нээлттэй, хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. 

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн олон талт бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээл хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор эрх зүйн орчны шинэчлэлийг шат дараалан хэрэгжүүлж, урт хугацааны даатгалыг хөгжүүлэх, бичил санхүүгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчид чиглэсэн санхүүгийн хэрэгслийг төрөлжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. 

Мөн санхүүгийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих, их өгөгдөлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, ногоон санхүүжилт болон хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод эрсдэлийн үед салбарын тогтвортой байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд даатгалын багц хуулийн төслийг боловсруулж, бичил санхүүгийн салбарын эрх зүйн орчныг Факторингийн тухай, Санхүүгийн түрээсийн тухай, Хамтын санхүүжилтийн үйлчилгээний тухай хуулиудаар боловсронгуй болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын сангийн тухай (REIT), Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. 



Санхүүгийн зохицуулах хороо 2025 онд 160 арга хэмжээг гүйцэтгэхээр төлөвлөгөөндөө тусгаж, гүйцэтгэлийг 95.0 хувьтай гэж үнэлэн “бүрэн хангалттай” хэрэгжсэн гэж дүгнэжээ.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, О.Батнайрамдал, Л.Соронзонболд нар асууж, тодруулсан. Гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг оновчтой тодорхойлж, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах, цаашид төлөвлөлтийн алдаа, зөрчлүүдийг давтан гаргахгүй байхад анхаарах шаардлагатай талаар хэлэлцүүлгийн үеэр сануулж байлаа. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийг чиг үүргийнхээ дагуу ажиллаж, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулах, тайланг танилцуулахад Хяналтын зөвлөлөөс төлөөлөл байлцуулдаг байх шаардлагатайг хуралдаан даргалагч Л.Соронзонболд онцолсон юм. 



Үүний дараа Үндэсний статистикийн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг тус хорооны дарга Б.Батдаваа танилцуулав. Тэрбээр, өнгөрсөн онд 6 бүлгийн 859 статистик үзүүлэлтийг 7-15 хоног, сар, улирал, жилээр бэлтгэн тархааж, 2 тооллого, 9 түүвэр судалгааг зохион байгуулж, үр дүнг нэгтгэн боловсруулсан. Албан ёсны статистикийг хөгжүүлэх 3 дахь хөтөлбөр буюу "Статистикийн салбарын 2021-2025 оны стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, Үндэсний Статистикийн Хороо 2025 онд гар утасны өгөгдөл, их өгөгдөл, машин сургалт, хиймэл оюуныг ашиглах, мэдээллийн аюулгүй байдалд анхаарч, дата лаб байгуулах мэдээллийн чанарыг сайжруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоонд хэлхээ индексийн арга нэвтрүүлэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн гэв. Төрийн суурь болон төрөлжсөн мэдээллийн сангуудыг ашиглан тооллого судалгаа явуулах системийг бий болгож, Монгол Улсад өгөгдлийн засаглалын суурь тогтолцоог бэхжүүлэх ажлыг төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, "Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан", "Төрийн нэгдсэн өгөгдлийн сан” цахим талбаруудыг шинээр үүсгэж, “Үндэсний өгөгдлийн замын зураглал" боловсруулжээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нэгдсэн мэдээллийн сан буюу "Хүн ам, орон сууцны тооллого", "Аж ахуйн нэгжийн тооллого"-ыг жил бүр зохион байгуулах систем хөгжүүлсэн талаар танилцуулав. Тооллого, судалгаа, захиргааны мэдээллийн задгай өгөгдөлд ажиллаж, дүн шинжилгээ хийх "Дата лаб"-ыг шинээр байгуулсан нь мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангасан тусгай орчинд судалгаа шинжилгээ хийх боломжийг судлаачдад олгожээ. “Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэлхээ индекс ашиглан зэрэгцүүлэх үнээр тооцох аргачлал”-ыг баталж, бүх салбарын үйлдвэрлэгчийн үнийн суурь оны тооцоог шинэчилсэн. Ажиллах хүчний судалгаа болон Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд өндөр давтамжтай чанарын хяналт хийх программ нэвтрүүлсэн. "Дотоодын жуулчдын түүвэр судалгаа"-г улсын хэмжээнд анх удаа олон улсын нийтлэг арга зүйд тулгуурлан зохион байгууллаа. Олон улсын хамтын ажиллагаанд ахиц гаргаж, Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Статистикийн институт болон Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. "Орen Data Watch" байгууллагын дэлхийн 193 орны статистикийн байгууллагын мэдээллийн нээлттэй, хүртээмжтэй байдлын үнэлгээгээр Монгол Улсын статистикийн систем дэлхийд 11 дүгээрт, Зүүн Азийн бүс нутагт 2 дугаарт эрэмбэлэгдэж, Дэлхийн Банкны статистикийн гүйцэтгэлийн үнэлгээгээр дэлхийд 47 дугаар байрт орж, 5 байраар урагшиллаа. Цаашид статистикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хиймэл оюун, их өгөгдлийн ашиглалтыг нэмэгдүүлэх, мэдээллийн чанар, аргачлалыг шинэчлэхэд анхаарч, үндэсний хэмжээнд өгөгдлийн засаглал, экосистемийг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлнэ хэмээн илтгэв.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, О.Батнайрамдал, Л.Соронзонболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ