Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.04.17)-ийн хуралдаан 14.30 цагт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, О.Батнайрамдал, Д.Бум-Очир, А.Ганбаатар П.Ганзориг, Д.Ганмаа, М.Ганхүлэг, С.Зулпхар, П.Наранбаяр, Д.Рэгдэл, Б.Түвшин, Ж.Чинбүрэн, Л.Энхнасан, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нарын буюу 56.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан даргалан явуулав.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус зөвлөлийн дарга Пүрэвжавын Ганзоригийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр танилцуулж, түүний товч намтрыг уншиж сонсгов.
Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон том салбарыг хариуцдаг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшиж буй П.Ганзоригийг дэмжиж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат илэрхийлж, нийгмийн салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлс, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлууд өнөө хэр шийдлээ хүлээсээр байгааг сануулсан юм. Тэрбээр хүн амын болон нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар ямар байр суурь баримталж байгааг нь Байнгын хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг болон Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлөөс асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Б.Найдалаа нар үг хэлж, амжилт хүсэв.
Улсын Их Хурлын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгох тухай Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 94.1 хувь нь дэмжсэн учир Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.
Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг уг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын боловсруулж, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын өнгөрөгч хаврын ээлжит чуулганы 2025 оны тавдугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хэлэлцэхийг дэмжсэн юм. Үүний дагуу Улсын Их Хурлын даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны 252 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Х.Болормаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар дээрх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа ажлын хэсэг 17 удаа хуралдсан тухай дурдаад, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, эрүүл мэндийн яам, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналуудыг үндэслэсэн гэдгийг онцолсон юм.
Ажлын хэсэг Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зүйл, хэсэг, заалт нэг бүрээр ярилцаж, нэр томьёо, үг, хэллэгийг ойлгоход хялбар, энгийн, салаа утгагүй болгох, заримыг тайлбарлах, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд хамаарах зохицуулалт нэмэх, эсийн тухай тусдаа зүйлийг дэлгэрэнгүй тусгах, эд, эсийг хадгалах тусгай зориулалтын био банкны тухай зохицуулалтыг шинээр томьёолох, амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх асуудлыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, хүний болон хүний эрхтний наймааны эсрэг Истанбулын тунхаглалын зарчмуудыг тусгах, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа, чиг үүргийг тодорхой болгох агуулга бүхий зарчмын зөрүүтэй 66 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй долоон саналын томьёолол бэлтгэжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу зүйл бүрээр хэлэлцлээ. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл, мөн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, А.Ганбаатар, Д.Бум-Очир, П.Наранбаяр нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд хуулийн нэрийг Хүний эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болгон өөрчлөх үндэслэл, шаардлага, мөн Монгол Улсад эдүгээ хийгдэж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, түүний үр дүн ямар байгаа, арилжааны хэлбэрт шилжихээс сэргийлэх болон био банктай холбоотой зохицуулалтын талаар асууж дэлгэрэнгүй хариулт авсан юм. Мөн судалгааны болон сургалтын зориулалттай эд, эс, амьгүй донорын тодорхойлолт, насны хязгаар, түүний зөвшөөрөл, гарын үсгийн тоо, мэс заслын дараа цогцосыг хүлээлгэн өгөх, мөн 14 хүртэл насны хүүхдээс ясны хэм, захын цус авахтай холбоотой зөвшөөрлийн тухай болон амьд донорын эмчилгээний дараах асаргаа, сувилгаа, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төрөлжсөн тасаг, мэргэжлийн баг бүхий реципиент эмнэлгийн тоо, хүчин чадал, энэ асуудлыг эрхлэх Тусгай мэргэжлийн төв, түүний эрх зүйн байдлын талаар асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авч, санал, томьёолол хэлсэн юм.
Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй нийт 75 саналын томьёоллоор санал хураалт явуулахад ихэнхийг нь Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин хуулийн төслийн нэрийн эхэнд “Хүний” гэж нэмэх тухай Ажлын хэсгээс гаргасан саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English