Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо

 

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.04.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүнээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.


Чуулганы өнөөдрийн өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, асуулт хариултыг явуулсан тул (дэлгэрэнгүйг эндээс) Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй 72 санал тус бүрээр санал хураалаа. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг үзүүлнэ.” гэж, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтыг ““амьгүй донор” гэж тархины үйл ажиллагаа бүрэн, эргэшгүй алдагдсан, тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багаар тархины үхэл нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгахаар авч болох донорыг;” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.  


Мөн төслийн 4 дүгээр зүйлд ““сорьц” гэж оношилгоо, эмчилгээ, судалгаа болон урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор хүнээс авсан цус, эс, эд, эрхтний хэсгийг;” гэсэн 4.1.17 дахь заалт, ““хүйн эд” гэж нярайн хүй таслагдсаны дараа ихэстэй залгаа хэсгээс тайран авсан хүйн судсан багцыг;” гэсэн 4.1.18 дахь заалт, ““үндэсний хүлээх жагсаалт” гэж эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн жагсаалтыг.” гэсэн 4.1.19 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Түүнчлэн төслийн 8 дугаар зүйлд “Хүүхдээс ясны хэм, хүйн цус, хүйн эд, захын цуснаас бусад эрхтэн, эд, эсийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно.” гэсэн 8.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлд “Амьгүй донорт насны хязгаар заахгүй.” гэсэн агуулгатай 10.6 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Улмаар төслийн 13 дугаар зүйлд “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллага нь эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх био банктай байж болно.”,“Био банкыг эд, эсийг цуглуулах, шинжлэх, өсгөвөрлөх, боловсруулах, хадгалах, бүртгэх, тээвэрлэх, устгах, шаардлагатай үед эмчилгээ, судалгааны зорилгоор тохирох эд, эсээр реципиент эмнэлэг болон судалгаа, шинжилгээний байгууллагыг хангах зориулалтаар ашиглана.” гэсэн 13.3, 13.4 дэх хэсэг нэмэх саналуудыг гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.


Мөн төслийн 18 дугаар зүйлд  “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын бүтэц, дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлд “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан тусгай мэргэжлийн төв байна.” гэсэн агуулгатай 19.1 дэх хэсэг нэмэхээр болов. Улмаар хуралдаан даргалагчаас төслийн 17, 46, 63, 66 дахь зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг ажлын хэсэгт өглөө.  

Ингээд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.    


Хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нараас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул (дэлгэрэнгүйг эндээстөслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг явуулахаар болов.


Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа ч асуудлыг сайтар нягтлан, ярилцах шаардлагатай тул УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авах хүсэлт гаргав. Иймд Улсын Их Хурлын дарга энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэгт ажлын тав хоногийн завсарлага өглөө.  

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав

Дараа нь "Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" асуудлыг хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулсан.


Уг танилцуулгад Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүний Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул "Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 


Хуралдааны төгсгөлд “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” асуудлыг хэлэлцсэн.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нар тус тус танилцуулсан.

Байнгын хорооны санал, дүгнэлтэд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан (дэлгэрэнгүй намтрыг эндээс), Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзориг (дэлгэрэнгүй намтрыг эндээс) нарыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн гэдгийг дурдсан байлаа.   


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг сонгох, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Ганзоригийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн  64.9  хувь нь  тус тус дэмжлээ.



Эцэст нь “Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцсон юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээ