Цэс

Холбоо барих

УИХ-ын асуулгын цагт авлигын асуудлыг хөндлөө


Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Баасан гарагт (2026.04.24) үдээс хойш Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна.” гэж заасан байдаг. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлэх бөгөөд ирүүлсэн асуултыг нэгтгэн Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын 2 өдрийн дотор хүргүүлж, асуултыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулах зохицуулалттайг хуралдаан даргалагч С.Бямбацогт танилцууллаа.




Улсын Их Хурлын асуулгын цагт 17 гишүүн асуулт тавихаар урьдчилан ирүүлснийг цахимд байршуулжээ. Асуулгын цагт Ерөнхий сайд Н.Учрал өөрөө биечлэн хариулт өгөв. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс авлига сэдвээр мэтгэлцэхээр асуулт бэлдсэн талаар тус намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл эхний асуултыг тавьсан. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигыг бууруулж чадах уу, төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо хэмжээ 60 байснаа 800 болтлоо өссөн нь том асуудал дагуулж байна гэв.







Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Д.Батбаяр, Ш.Бямбасүрэн, Г.Очирбат, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан, Ц.Баатархүү, Б.Жаргалан, Д.Энхтүвшин, О.Саранчулуун, М.Нарантуяа-Нара, Б.Мөнхсоёл, П.Ганзориг, Б.Батбаатар нар авлигатай тэмцэх бодлогын биелэлт тааруу, олон улсын индекс жил бүр буурсан үзүүлэлттэй байгааг, авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэрэгт ял шийтгэл авсан, холбогдсон этгээдийг дахин томилж, эрх мэдэл олгож байгаад анхаарах, төрд итгэх иргэдийн итгэл, нэр хүндийг сэргээхтэй холбоотой ямар арга хэмжээ авах талаар асуув. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн хэрнээ үр шим нь иргэдэд очихгүй байгаа, 43 их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий тендерүүд зарлагдсан ч худалдан авалттай холбоотой 100 гаруй эрүүгийн гэмт хэрэг бүртгэгдсэнд ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа.



Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулахдаа, өнөөдрийн тогтолцоогоор бол авлигатай тэмцэхэд үр дүн багатай. Олон улсын индексээр Монгол Улс энэ чиглэлд 8-9 байр ухарсан. Дэвшүүлсэн бодлогынхоо хүрээнд авлигыг сааруулахын төлөө ажиллана. Уг үндсээр нь тасалж, шийдвэрлэх шаардлагатай зүйл бол авлига юм. Цахимжуулалт бол авлигыг бууруулах арга хэмээн хариулсан. Мөн Ерөнхий сайд, авлигыг бууруулахын тулд энэ албанд томилогдсон, дата хяналтыг бий болгоно хэмээв. Төрийн албыг тайлангаас чөлөөлөх нь эрх мэдлийг бууруулах бодлогын эхлэл. Хиймэл оюуны тендерийн үйл ажиллагааг “Эрдэнэс Монгол” компаниас эхлүүлэн нэвтрүүлж байгаа, цаашид төрийн үйлчилгээн дэх хүний оролцоог багасгана. Иргэний нийгмийн оролцоогүйгээр мега төсөл урагшилдаггүй. Баялгийг ард түмнийхээ төлөө зарцуулахын оронд хийрхсээр, хэт баян, хэт ядуу гэсэн хоёр туйлд хүрлээ. Тиймээс үүний төлөө нам харгалзахгүй, хамтдаа тэмцэх ёстой. Ялангуяа залуус бид ахан дүүс, намгүйгээр авлигын эсрэг тэмцэх учиртай гэж Н.Учрал сайд хариуллаа.



Тэрбээр үргэлжлүүлэн, төрийн өндөр албан тушаалтан хувийн зохион байгуулалт, ёс зүйн өндөр төлөвшилтэй байх учиртай. Амнаасаа гарч байгаа үг болгондоо хариуцлагатай хандана. Дансаа хаалгасан 12100 аж ахуйн нэгжийн дансыг нээхэд, хэдхэн хоногийн дотор 42 тэрбум төгрөгийн татвар эргэн төлөгдсөн нь иргэдэд итгэл үзүүлж, боломж олговол ямар их үр дүнтэйг харуулж байна. Төрийн албаны багц хуулийн шинэчлэлийг хийнэ. Оюутан цагийн хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэрт гарсан ахмадуудыг ажиллах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засаг, бизнесийн харилцааг чөдөрлөсөн байдлаар явбал өсөлт хүлээх боломжгүй болно. Тиймээс чөлөөлөлтийг түлхүү хийнэ гэлээ.


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр чуулганы үйл ажиллагаатай танилцаж яваа, “Их хуралдай” танхимд орж ирсэн иргэдийн төлөөллийг нэгбүрчлэн танилцуулж, амжилт хүсэж байлаа. Тэрбээр Төрийн ордонд зочилсон сурагчдад хандан сургуулийн орчинг тамхидалтаас хамгаалах чухал хуулийн төслийг парламентаар шийдүүлнэ. Тиймээс тамхидалтын эсрэг, ялангуяа электрон тамхитай тэмцэх чиглэлээр анги, танхимаараа саналаа https://d.parliament.mn/ -аар ирүүлэхийг уриалсан юм.







Чуулганы нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт болон Ерөнхий сайдын хариултаар үргэлжилж, Н.Учрал сайд, орон сууцны ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хандуулж, анх удаа байр авч байгаа иргэдэд түлхүү олгоно гэж хариулсан. Мөн тэрбээр, Ерөнхий сайдаар томилогдоод 26 хонож байна. Сарын тайлан гэж яривал татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 12100 компанийн дансыг нээж, 9000 гаруй хяналт шалгалтыг цуцаллаа, түлш тавдугаар сарын нэгнээс 6200 төгрөг давж өсөхөөр байсныг зогсоож, өнөөгийн ханшаар тогтвортой нийлүүлж, 1,8 их наяд төгрөгтэй тэнцэх валют ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн халаасанд үлдээхээр хэлэлцэн тохирлоо. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын ажил, амьдралд бодитоор мэдрэгдэх биелэлтийн төлөө Засгийн газар ажиллаж байна хэмээв.



Улсын Их Хурлын асуулгын цагийн дараа чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүдээр санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэн явуулах горимын саналыг гишүүдийн 54.7 хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.






Үүний дараа БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.7 хувь нь дэмжлээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Онц байдлын тухай хуулийн төслийг дэмжээгүй тул төслийг хууль санаачлагчид буцаав. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэнээр энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал дуусаж, хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ