Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.29/ хуралдаан 15 цаг 35 минутад Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, А.Ундраа, С.Цэнгүүн, Х.Баттулга, Д.Үүрийнтуяа, О.Батнайрамдал, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Уянга, Л.Энх-Амгалан, Х.Булгантуяа, Б.Заяабал, З.Мэндсайхан, Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, С.Эрдэнэбат нар хүрэлцэн ирснээр, 59.4 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаан даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн ажиллаж, ирц болон Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар баталсан товыг танилцуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу үг хэлэхдээ, парламентаар хэлэлцэж байгаа асуудалд голчлон томилгоо зонхилж буйг шүүмжилж, татварын багц хуулийн төсөл, тэтгэвэр, өрхийн амьжиргааг дээшлүүлэх зэрэгт анхаарах чухал талаар онцоллоо.
Байнгын хорооны хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал илтгэсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 23 гишүүний 13 нь буюу 60.9 хувь нь дэмжив.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 8 гишүүн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулахдаа, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны тоон мэдээллээр бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 99 байгаагаас төрийн өмчит үйлдвэрийн газар 17 бий. Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компани хэлбэрээр байгуулна.” гэж заасан бөгөөд төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, сум, нийслэл, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох хуулийн зарчимтай. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг Иргэний хуулийг зөрчиж тогтоосон нь тухайн төрлийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд үйлчилж байгаа бусад эрх зүйн зохицуулалтад хийдэл үүсэх шалтгаан болж, улмаар хууль хэрэглээний практикт төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшлийн хуулийн этгээдэд ялгамжтай, тэгш бус хандах нөхцөлийг бүрдүүлж байна гэв.
Хуулийн этгээдийн засаглал ойлгомжгүй, төрийн болон орон нутгийн өмч үнэгүйдэж, алдагдалд орох, үзэмжээр аж ахуй эрхлэх нөхцөл бүрдэн, үйлдвэрийн газрыг зохицуулах эрх зүйн зохицуулалт тодорхой бус байгааг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай. Компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байх хуулийн зохицуулалтыг бий болгох нь чухал байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “төрийн өмчит үйлдвэрийн газарт” гэснийг “төрийн өмчит компанид” гэж, 13 дугаар зүйлийн 2 дахь заалтын “төрийн өмчит үйлдвэрийн газар” гэснийг “төрийн өмчит компани” гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрийн өмчит үйлдвэрийн газраас” гэснийг “Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаас” гэж, 60 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн өмчит үйлдвэрийн газрыг” гэснийг “төрийн өмчит компанийг” гэж өөрчлөх хэрэгцээ, шаардлагын дагуу хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг дагалдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 15, 16, 17, 18, 19, 20, 55 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай” хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан.
Энэхүү төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоо бүрдэж, компаниудын засаглал, ил тод байдал сайжирч, олон улсын менежментийн багаар удирдуулж, нээлттэй хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Мөн Иргэний хуультай нийцүүлснээр хуулийн этгээдийн засаглал ойлгомжтой болж, төрийн болон орон нутгийн өмч үнэгүйдэх, алдагдалд орохоос сэргийлж, төр болон орон нутаг үзэмжээрээ аж ахуй эрхлэх нөхцөлийг хязгаарлах боломж бүрдэнэ хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан, М.Мандхай, О.Батнайрамдал, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүд, Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн болон бусад ижил төстэй зорилго бүхий ажлын хэсгүүдтэй нэгтгэх, хамтран ажиллах талаар санал хэлж байв. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 58.3 хувь нь дэмжиж, хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English