Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиө Ёонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.01) БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиө Ёонг тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэн Минжунь байлцлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт шинжлэх ухаан, технологи, төрийн бодлого, инновацын чиглэлээр өндөр түвшний судалгаа, сургалтаараа тэргүүлэгч, дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Цинхуа их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бодит агуулгаар баяжуулж буй нь Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.


Айлчлалын хүрээнд Цинхуа их сургууль нь Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна. УИХ-ын дарга С.Бямбацогт хамтын ажиллагааны эдгээр баримт бичгүүд нь Монгол, Хятадын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, урт хугацаанд үр өгөөжөө өгөх чухал эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Мөн дэлхийн шилдэг их сургуулиудын нэг БНХАУ-ын Цинхуа их сургуульд одоогоор Монгол Улсаас 85 оюутан суралцаж байгаа юм байна. Тиймээс цаашид хамтын ажиллагааны хүрээнд суралцагчдын тоог нэмэгдүүлж, олон улсын тэргүүлэх их сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж буй манай улсын бодлогын чухал чиглэл байх болно гэж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт яриандаа онцлов.

БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиө Ёонг Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж, яриа хэлэлцээ, бодит ажил болж, үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ