Цэс

Холбоо барих

АЖХДХ:Аялал жуулчлалын салбарыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн талаарх салбарын яамны мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн /2026.03.31/ хуралдаанаар хоёр мэдээлэл сонссон. Хуралдааны эхэнд “Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл төрийн бус байгууллагын мэдээллийг /дэлгэрэнгүйг эндээс/ сонссон бол үргэлжлүүлэн Аялал жуулчлалын салбарыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээлэлтэй танилцав.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг танилцуулсан.


Тэрбээр мэдээлэлдээ, Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлд энэ жил нийт 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банканд аж ахуйн нэгжүүдээс 2 их наяд төгрөгийн хүсэлтийг ирүүлсэн. Одоогоор 198 аж ахуйн нэгжийн 404 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байна гэв.

Мөн үүнээс салбарын яам 500 саяас дээш төгрөгийн зээлд хяналтын гэрээ байгуулах ёстой. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд одоогоор 28 аж ахуйн нэгжээс хяналтын гэрээ хийх хүсэлт ирүүлснийг дурдаад энэ хүрээнд 13 аж ахуйн нэгжтэй хяналтын гэрээ байгуулж, үлдсэн 15-ыг нь судалж байна гэлээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.


Одоогийн байдлаар нийт 42 аж ахуйн нэгжид 86 тэрбум төгрөгийн зээлийн шийдвэр гараад байна. Үүнээс гарт олгогдсон нь 5.9 тэрбум төгрөг гэж байлаа.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн яамны төлөөлөл өнгөрсөн долоо хоногт арилжааны 10 банкны удирдлагуудтай уулзаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ажиллах, зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хяналтын гэрээ байгуулсан болон зээл авсан аж ахуйн нэгжүүдийг нээлттэй ил тод мэдээлэхээр болсон хэмээн танилцуулгад дурдсан байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Н.Батсүмбэрэл, Р.Батболд нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд аялал жуулчлалын салбарт олгож буй хөнгөлөлттэй зээлийг хөдөө орон нутагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж ихээхэн сонирхож байгааг  дурдаад орон нутгаас ирж байгаа хүсэлтүүдийн хэдэн хувийг шидвэрлэсэн талаар лавлав.


Нийт 28 аж ахуйн нэгжтэй хяналтын гэрээ хийхээр болсон бөгөөд үүнийг ангилбал, Улаанбаатар хотод 11, Сэлэнгэ, Төв, Орхон, Хэнтий, Дорноговь, Булган аймагт тус бүр нэг, Хөвсгөл аймагт гурав, Өмнөговь аймагт хоёр байна хэмээн ажлын хэсгээс хариулсан.     

Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэхэд баримталж буй бодлогыг салбарын яамныхнаас тодруулахын зэрэгцээ тухайн аймаг, сумын аль хэсгийн газрыг байгалийн цогцолбор болгон хөгжүүлэхэд чиглүүлэх гэх зэргээр зээлийн үр ашгийг тооцох, арилжааны банкууд хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох вий гэдэгт хяналт тавихад анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ