Цэс

Холбоо барих

ЖДҮХДХ: Зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлд зээл олгож байгаа мэт боловч нийгмийн олон асуудлыг шийдэж байдаг гэв


Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо өнөөдөр /2026.05.05/ хуралдаж, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын мэдээллийг сонслоо.


Тус газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулахдаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ нь жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн болон дэмжих үйлчилгээ үзүүлж, сангийн ба төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа. Эрх зүйн орчны хувьд шинэчлэгдэж, ил тод байдлын үнэлгээ сайжирсан. Манай улсын хэмжээнд 2025 оны байдлаар 82 471 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгаагийн 58 628 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг. Идэвхтэй аж ахуйн нэгж 110 051, нийт ажиллагсдын тоо 1 355 667, үүнээс зөвхөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 555 500 хүн ажиллаж байна гэв.


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 9 293 төсөлд 1 133 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Эргэн төлөлт 2026 онд 34.9 хувьтай байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд 35 514 төсөлд 5.9 их наяд төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлсэн, 26.1 хувийг нь шийдвэрлэсэн. Хүссэн санхүүжилтээс 18.6 хувийг олгосон. Зээл олгосны үр дүнд  56 165 ажлын байр шинээр бий болж, 41 154 ажлын байр хадгалагдсэн. Мөн 6 978 үйлдвэрийг өргөтгөн, 2315-ийг шинээр барьсан. Жил бүр 124.2 тэрбум төгрөгийн татвар төлөгдөх нөхцөл бүрдсэн хэмээн илтгэв.




Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн өөрийн хөрөнгийг 100 тэрбум төгрөгөөс доошгүй эх үүсвэрээр нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. Тус сангаас 2026 оны төсөвт 55 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр хуульд тусгасан нь өнөөгийн нөхцөл байдалтай зөрчилдөж байгаа. Байгууллагын санхүүжилт тусгагдаагүй, "Шинэ хоршоо"-ны удирдлага, зохион байгуулалтыг тодорхой болгох асуудал тулгамдаж буй. Цаашид орон нутгийн болон хамтарсан эх үүсвэрээр байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, бизнес инкубатор төв, "Орон нутагт үйлдвэрлэв" төвүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай болгож, санхүүжилтийн олон талт үйлчилгээ, хүртээмж, ЖДҮХС-гийн эрх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн шалгуурыг бууруулж, уян хатан нөхцөл санал болгох, татвар, нийгмийн даатгалын таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн бус экспортыг бодлогоор дэмжих, бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэх шаардлагатай талаар Засгийн газрын төлөөлөл мэдээлэлдээ дурдлаа. 





Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, О.Батнайрамдал, Р.Сэддорж нар асууж, үг хэлэв. Тэд зээл олголтыг ил тод, шударга, ялгаваргүй явуулах,  бизнесүүдийг бодитой дэмжих, ялангуяа үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг их чухал талаар асуудал хөндлөө. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь зээл олголт мэт харагдаж байгаа ч үүний цаана нийгмийн олон асуудлыг шийдвэрлэдэг онцлогтой учраас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, яамдтай хамтрах хэрэгтэй болдог. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу зээл олгож байгаа хэмээн гишүүдийн асуултад хариуллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ