Улсын Их Хурлын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээ болон ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт боловсруулах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.05.05/ Баянгол дүүргийн Ахмадын салбар эмнэлэгт ажиллалаа.
Ажлын хэсэг тус эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, ахмад настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, санхүүжилт, хүний нөөцийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох албан тушаалтнуудын мэдээлэл, танилцуулгыг сонсон, бодит нөхцөлд тулгуурласан дүгнэлт хийх ажлыг зохион байгуулав.
Баянгол дүүргийн Ахмадын салбар эмнэлэг нь дотор, мэдрэл, сэргээн засах, уламжлалт анагаах ухаан, өдрийн эмчилгээ зэрэг чиглэлээр ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд нийт 63 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд яаралтай тусламж, мэс засал, хавдрын тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн нь эмнэлгийн үйлчилгээний төрөл, чанарыг сайжруулах чиглэлд тодорхой ахиц гарсныг илтгэж байна.
Гэсэн хэдий ч ахмад настны дунд архаг өвчний тархалт өндөр, эмийн зардлын тодорхой хувийг иргэд өөрсдөө хариуцаж байгаа, өдрийн болон гэрийн асаргаа, сэргээн засах, сэтгэл зүйн дэмжлэгийн үйлчилгээ хангалтгүй, хүртээмжийн асуудал тулгамдсан хэвээр байгааг талууд онцлон дурдлаа.
Эрүүл мэндийн салбарын судалгаанаас харахад Монгол Улсад хүн амын насжилт эрчимжиж, ахмад настны эзлэх хувь цаашид тогтвортой өсөх төлөвтэй байна. Тухайлбал, 2050 он гэхэд нийт хүн амын 17 орчим хувийг ахмад настан эзлэх хандлагатай байгаа нь нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоонд үзүүлэх ачааллыг нэмэгдүүлэхээр байгаа аж.
Иймд ахмад настанд чиглэсэн бодлого, үйлчилгээний тогтолцоог урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гэрээр болон урт хугацааны асаргаа, сувилгааны тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байгаа Ажлын хэсгийн гишүүд онцлов. Мөн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, ахмад настанд үзүүлэх үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, геронтологийн чиглэлийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, дэмжих, ахмад настанд үзүүлэх цогц тусламж, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай хэмээн Ажлын хэсэг дүгнэлээ.
Ажлын алба
Мон
English