Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.05/ хуралдаанаар “Хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн.
Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл уг тогтоолын төсөлд гишүүдийн саналыг тусгах, сайжруулах шаардлагатай байгааг дурдаад, төслийн хэлэлцүүлгийг долоо хоног хойшлуулах санал гаргасныг мэдэгдэв. Иймд хуралдаан даргалагч уг асуудлын хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Хуралдааны төгсгөлд “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тавдугаар сард Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөн төсөлд тусгасан байлаа.
“Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувийн саналаар баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English