Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.05.05)-ийн хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Энэ хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалан хийлээ. Тус ажлын хэсэг 18 удаа хуралдаж, Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлт, Эрүүл мэндийн яам болон Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд зүйл, хэсэг, заалт нэг бүрээр ярилцаж зарчмын зөрүүтэй нийт 62 саналын томьёоллыг бэлтгэжээ.
Эдгээр зарчмын зөрүүтэй саналуудад нэр томьёо, тодорхойлолтын үг хэллэгийг энгийн хялбар, ойлгомжтой, салаа утгагүй байдлаар илүү нарийвчлан томьёолж, зарим нэр томьёоны тайлбарыг тодорхойлолтод нэмж тусгах, хуулийн үйлчлэх хүрээг шинээр тодорхойлж, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн харьяалалгүй хүний эрүүл мэнд амийг аврах зорилгоор цус сэлбэх тусламж үйлчилгээг үзүүлдэг байх зохицуулалт нэмэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө нэмэгдэж багаа энэ үед хүний эрүүл мэнд, амь насыг аврахад нэн шаардлагатай цус, цусны бүрэлдэхүүний нөөцийн бэлэн байдлыг хангаж, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэхтэй холбоотой заалтыг илүү тодорхой болгох, цус сэлбэлт, судлалын салбарын ажилтнуудад ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох, мөн цусны донорт тавигдах шаардлага, эрх, үүргийг олон улсын жишиг зарчимд нийцүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн тогтоолоор баталгаажуулсан зарчмуудыг хуулийн төсөлд мөрдлөг болгох, удирдлагын тогтолцоо, төрийн болон төрийн бус, эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүргийг нарийвчлан тодорхойлсон зохицуулалтуудыг тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явууллаа. Хуулийн төслүүдийн зүйл, заалтууд болон ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй зарим саналын талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, М.Ганхүлэг, Д.Бум-Очир, П.Наранбаяр, О.Саранчулуун, А.Ариунзаяа, Г.Хосбаяр нар асуулт асууж, донорын хувийн нууц, цус, цусны бүрэлдэхүүний тухай мэдээллийн аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрхэн ашиглах, цусны тээвэрлэлт, хадгалалтыг сайжруулах болон энэ салбарын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хувь хэмжээ, шаардлагатай төсөв санхүүжилт, цус хандивлах хөдөлгөөнийг сурталчлах ажлыг идэвхжүүлэх, түүнийг хэрхэн санжүүжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах, донорыг алдаршуулах, урамшуулах зэрэг олон асуудлаар ажлын хэсгийн гишүүд болон хууль санаачлагчдаас тодорхой хариулт авав.
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English