Монгол Улсын Их Хурал, Засгийн газар ажил хийх гэж хичээж буй иргэнийг хүнд суртлаас чөлөөлөх бодлогыг баримталж, энэ үзэл баримтлалыг амилуулах Зөвшөөрлийн тухай болон түүнийг дагалдуулан нийт 89 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа билээ. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.06) Зөвшөөрлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, гишүүдтэй уулзан ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Ганхуяг, Б.Заяабал нараас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжсэн. Ингээд Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн буад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа нарын нэр бүхий 21 гишүүн ажиллаж байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдэд нэн тэргүүнд зөвшөөрлийн тоог багасгаж, ангиллыг бууруулахаар тусгажээ. Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэхээр тусгаж, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох боломжтой болгон хуульчлах нь зүйтэй гэж үзжээ. Мөн тусгай болон энгийн 20 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгохоор, тухайн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Ажлын хэсэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, холбогдох санал, хүсэлт, судалгааг боловсруулан ажиллаж байгааг танилцуулав. Энэ хүрээнд олон нийтийн хэлэлцүүлгийг таван удаа зохион байгуулжээ. Түүнчлэн ажлын хэсэг нэмж зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар танилцуулгын үеэр дурдлаа.
Ажлын хэсэг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбогдуулан төлөвлөгөө, цагалбар, хурлын хуваарийг баталсан бөгөөд үүний дагуу өнгөрсөн 1, 2 сард зөвшөөрлийн чиглэл тус бүрийн оролцогч буюу иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдтэй 5 удаагийн хэлэлцүүлэгийг зохион байгуулж, холбогдох саналыг нь авчээ. Мөн хуулиар зөвшөөрөл олгох эрх авсан байгууллагын төлөөлөлтэй олгож буй зөвшөөрөл тус бүрийн онцлог, хууль, журмаар тавигдаж буй шаардлага, зөвшөөрлийн үйл ажиллагааны процесс, цахимжуулалт, зөвшөөрлийн талаарх нээлттэй ил тод, ойлгомжтой мэдээллийг олон нийтэд хүргэдэг эсэх асуудлаар 2026 оны 03 дугаар сарын 02-ноос эхлэн 25-ны өдрийн хооронд хуралдаж дууссан байна.Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулж буй харилцаа, салбар хуулиар зохицуулж буй харилцаа болон өргөн мэдүүлсэн төсөл, иргэн, аж ахуй нэгж байгууллага, холбогдох төрийн байгууллагуудаас ирүүлж буй санал, олон улсын харьцуулсан судалгаа, бусад шаардлагатай лавлагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга хуулийн төслийг сайжруулахтай холбоотой саналаа хэлж, ажлын хэсгийн гишүүдийн дурдсанчлан нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаагүй заалтыг нэмж тусгах эрх боломж хуулиар хязгаарлагдмал учраас ажлын хэсгийг ажлаа шуурхайлах үүднээс гарц шийдэл олж ажиллахыг үүрэг чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English