Гэр бүлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2026.05.06/ БНСУ-ын “Добонгү” Гэр бүлийн төвийн захирал, профессор Кан Жин А тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзан “Хүүхдийн эрх, гэр бүлийн сэргэлтийг төвд тавьсан БНСУ-ын тогтолцоо” сэдвээр хэлэлцүүлэг хийж, санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Сөүлийн гэр бүлийн шүүх болон гэр бүлийн дэмжлэгийн байгууллагуудын хамтын ажиллагааны загварын талаар БНСУ-ын “Добонгү” Гэр бүлийн төвийн захирал, профессор Кан Жин А танилцуулга хийв.
Тэрбээр БНСУ-ын гэр бүлийн шүүхийн тогтолцоо нь зөвхөн хууль хэрэглэж маргаан шийдвэрлэхээс илүүтэйгээр “гэр бүлийн харилцааг хамгаалах, сэргээх” зорилготой байдгийг онцолсон. Сөүлийн Гэр бүлийн шүүх 1963 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэний ердийн шүүхээс ялгаатай нь эвлэрүүлэн зуучлал, сэтгэл зүй, нийгмийн халамжийн арга барилыг хослуулан ашигладгаараа онцлогтой аж. Тус шүүх нь:
- гэр бүл цуцлалт,
- хүүхдийн асрамж, тэтгэлэг,
- уулзах эрх,
- өв залгамжлал,
- насанд хүрэгчийн асран хамгаалалт,
- өсвөр насны хэрэг,
- гэр бүлийн хүчирхийллийн хамгаалалтын хэрэг зэрэг асуудлыг харьяалан шийдвэрлэдэг байна.
Мөн гэр бүл цуцлах ажиллагаанд “зуучлал нэн тэргүүнд” гэсэн зарчим үйлчилдгийг дурдсан. Өөрөөр хэлбэл, талууд шууд шүүхийн шийдвэрт хүрэхээс өмнө заавал эвлэрүүлэн зуучлал, зөвлөгөөний шат дамждаг аж. Мөн шүүхийн дэргэдэх мөрдөн судлагч, зөвлөхүүд гэр бүлийн орчин, хүүхдийн нөхцөл байдал, сэтгэлзүйн орчныг судалж, шүүхэд дүгнэлт гаргадаг нь шийдвэрт чухал нөлөө үзүүлдэг байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд “уулзах эрх”-ийг зөвхөн эцэг эхийн асуудал бус, хүүхдийн эрх гэж үзэж байгааг онцолж байв. Танилцуулгад “гэрлэлт дууссан ч эцэг эх байх үүрэг дуусдаггүй” гэсэн зарчмыг онцлон тэмдэглэсэн бөгөөд хүүхдийг эцэг, эхийн зөрчлөөс ангид байлгах, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх нь чухал гэж үздэгээ илэрхийлсэн.
Илтгэлийн төгсгөлд Монгол Улсад хүүхдийн уулзах эрхийн асуудалд нийгмийн анхаарал хандуулж, хүүхдэд ээлтэй уулзалтын тогтолцоог хамтран бүрдүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Ажлын алба
Мон
English