Цэс

Холбоо барих

Нөхцөл зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газар олгохыг дэмжлээ


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо өнөөдөр (2026.05.12) хамтран хуралдаж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргаллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Н.Наранбаатар гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 56 гишүүнээс 29 нь хүрэлцэн ирснээр 51.8 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлсэн.

Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 09, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхөөр ирүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан холбогдох танилцуулгыг хийлээ.


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр  жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй 50.0 сая еврогийн “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан.

Энэхүү 50.0 сая еврогийн “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийг Засгийн газрын 2018 оны 25 дугаар тогтоол, 2024 оны 94 дүгээр тогтоол, 2025 оны 113 дугаар тогтоолын дагуу тус тус хуваарилжээ.

Дээрх зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тогтсон таван төслийн гурав нь амжилттай хэрэгжиж, бүрэн дууссан байна. “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл” 84 хувь, Эрдэнэт хотын хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл” 90 хувийн  гүйцэтгэлтэй байгааг Сангийн сайд танилцуулав.

“Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл”-ийн хүрээнд Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймагт хоногт 3000м3-5000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барих гэрээг байгуулсан байна. Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил дуусаж, туршилт, тохируулгын ажил хийгдэж байгаа бол Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн ажил 23 хувьтай хэрэгжиж байгаа аж.


Өнөөдрийн байдлаар нэн хөнгөлөлттэй зээлийн 71 хувь буюу 35.5 сая еврог ашиглаад байгаа бол үлдсэн 14.5 сая еврогийн зээлийн ашиглалт хүлээгдэж байгааг хамтарсан хуралдаанд танилцууллаа. 

Энэхүү “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд  хэрэгжих төслийн Бүгд Найрамдах Польш улсын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг айлын талд хүргүүлэх хугацаа 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон тул хэрэгжиж буй хоёр төслийн хэрэгжилтийн нөхцөл байдлаас шалтгаалан гэрээ байгуулах хүчинтэй хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах, мөн уг хэлэлцээрийн 8 дугаар зүйлд “ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дотор санхүүжилтийг олгож дуусах”-аар заасан хугацааг 3 жилээр сунган 8 жил болгох нэмэлт, өөрчлөлтийг Польшийн талтай эцэслэн тохиролцоод байгаа хэмээн З.Мэндсайхан сайд танилцуулсан.


Уг асуудлыг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар танилцууллаа. Тус Байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцээд, дэмжсэн байна.

Сангийн сайдын танилцуулга болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, М.Бадамсүрэн, Н.Наранбаатар нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар үг хэллээ.


Төслүүд товлосон хугацаандаа хэрэгжээгүй шалтгааныг тодруулахад “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл”-ийн хүрээнд Дорнод аймагт хоногт 5000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөсөн. Гэтэл орон нутгийн санал, хүсэлтийн дагуу хүчин хоногт 10000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай болгон өртгөтгөж, зураг төсөл, ТЭЗҮ-ийг шинэчилсэн байна. 2023 онд бэлэн болсон анхны зураг төслөөр 63 тэрбум төгрөгийн төсөв магадлагдсан нь төслийн хуваарилагдсан дүндээ багтаагүй байна. Иймд технологийн шийдлийг өөрчилж, техникийн хоёр дахь хувилбараар 2025 оны 9 дүгээр сард дахин зураг төсөл хийжээ. Нийт 43 тэрбум төгрөгийн төсөв бүхий энэхүү зураг төсөл батлагдсан гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгсөн юм.


Сайн нөхцөлтэй зээл авсан ч төслийн хэрэгжилтийг хариуцсан албан тушаалтан, төрийн байгууллага хариуцлагагүй ажилласан хэмээн Дав.Цогтбаатар гишүүн шүүмжлээд, гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр бүх түвшиндээ анхаарч ажиллахыг хүсэв.


Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 30 гишүүний 56.7 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөл зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газар олгохыг дэмжлээ. Санал хураалтын дүнд үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны тэмдэглэл, энэ талаарх санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ