Цэс

Холбоо барих

ЭМГЭНЭЛ

ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР

(1955-2026)

    Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар нь 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

    Шагдарсүрэнгийн Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт төрж, 1963-1973 онд Дорноговь аймгийн арван жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар 1973-1977 онд Улсын багшийн дээд сургуульд суралцан монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшжээ.

    Тэрээр 1977-1978 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн дэргэдэх Ардын үлгэрийн танхимд утга зохиолын ажилтан, 1978-2018 онд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд сэтгүүлч, 2018 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байв.

    Шагдарсүрэнгийн Гүрбазар нь “Дугуй хээтэй наадам”, “Домгийн өглөө”, “Хоршоо Дэрэм”, “Говийн ганц айл”, “Өөрөөдөө эргэсэн нүүдэл”, “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи”, “Бодь гөрөөсний зүүд”, “Сэрүүн зүүд”, “Жаргах гэж дурладаг уу”, “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ”, “Надаар тоглосон хайр”, “Шар гэгээ” зэрэг шүлэг, роман, жүжгийн зохиолыг бичсэн нэрт зохиолч, яруу найрагч байлаа.

    Түүнчлэн “Хариулахгүй ч байж болно”, “Говийн ганц айл”, “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлгээр үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн соён гэгээрүүлэгч, “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, Өнөр бүл”, “Тэнгэрийн муухай арилдаг” зэрэг уран сайхны киноны дүрээр ард түмний сэтгэл зүрхэнд тодоор үлдсэн эрхэм хүндтэй уран бүтээлч байсан юм.

    Тэрээр 1990 онд Ардын Их Хурлын 167 дугаар тойрог буюу Дорноговь аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдон шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцаж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.

    Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2022 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн юм.

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар     Таны нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд зориулсан нөр их хөдөлмөр, билиг авьяас, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.


У.ХҮРЭЛСҮХ, С.БЯМБАЦОГТ, Н.УЧРАЛ,

П.ГАНЗОРИГ, Б.ДЭЛГЭРСАЙХАН, Ж.АЛДАРЖАВХЛАН, Г.ГАНБААТАР, Н.АЛДАРБАЯР, О.БАТЖАРГАЛ, Ж.ГОМБОЖАВ

Хуваалцах:

Холбоотой мэдээ