Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.05.13/ хуралдаан 13.24 цагт О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Баярмаа, Б.Жавхлан, Э.Одбаяр, Б.Чойжилсүрэн, Д.Энхтуяа, Д.Амарбаясгалан, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, Б.Пүрэвдорж, Ө.Шижир, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Л.Гантөмөр, Н.Номтойбаяр, Ц.Туваан, Б.Энхбаяр нарын гишүүд ирснээр 59.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулаад дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Д.Энхтүвшин нарын УИХ-ын 6 гишүүнээс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн "Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, О.Цогтгэрэл нарын УИХ-ын 18 гишүүнээс 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, М.Бадамсүрэн нарын УИХ-ын 21 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл, Б.Пунсалмаа нарын УИХ-ын 13 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, гадаад зээллэг ашиглалттай холбоотой учирч буй чөдөр тушааг засах нь зүйтэй хэмээсэн бол УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ирэх жил тэтгэврийг хэрхэн нэмэхээр тооцоолж буйг тодруулж, өсөөд буй инфляцтай уялдаж чадах эсэхийг лавлав.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, инфляцын өсөлтөд махны үнэ, бензин шатахууны үнийн өсөлтийн нөлөөлөл мэдрэгдэж эхэлж байгааг тодотгоод, Засгийн газар шатахууны байнгын тасралтгүй байдлыг хангаж, мах, гурил, ногоог дотоодоосоо хангахад дэмжлэг үзүүлж ажиллалаа хэмээв. Малчид хаврыг өнтэй давсан, махны нийлүүлэлт удахгүй сайжрахаар инфляц буурна гэсэн хүлээлт байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Ахмадын тэтгэврийг инфляцтай уялдуулан 8-10 хувь нэмнэ гэж тооцож байгааг мөн дурдсан.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ахмадуудын тэтгэврийн бодолт дээр шинэчлэл хийх, Засгийн газар Баялгийн сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Мөн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, жил жилээрээ төлөвлөж байна гэчхээд дараа жил нь өнгөрсөн жилийнхээ төлөвлөгөөг мартчихаж хэмээгээд, жилийн төлөвлөгөөг хийхдээ улсынхаа хөгжлийг хэрхэн харж байгаагаа бодолцох хэрэгтэй хэмээсэн бол УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хөрөнгө оруулалт шаардлагатай деталь ажлууд төлөвлөгөөндөө тусгачихдагаас болоод тэр нь хэрэгжихгүй, эргээд хэрэгжилтийн хувь бага гардаг хэмээн шүүмжилсэн. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл улс орныхоо эдийн засгийн байдлыг сайжруулахын тулд хэмнэлтийн ямар бодлого баримтлахыг лавлаж, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, улсын төсвийн ихэнх нь халамжид зарцуулагдаж байна гэж яриад байгаа ч үнэндээ шинэчлэл хийж чадахгүй байгаатай холбоотой хэмээгээд, ахмад настанд чиглэсэн хөтөлбөр хамгийн зорилтот бүлэгт чиглэхгүй, нийт зардлын 65 хувь нь хүн амын амьжиргааны түвшин хамгийн өндөр 20 хувьд хуваарилагдаж байгааг дурдан үүнийг засаж залруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English