Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн болон Байнгын хорооны гишүүн Ч.Анар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, Д.Ганбат, Л.Энхнасан, Г.Очирбат, Г.Хосбаяр, Л.Гантөмөр нар Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага Байнгын хорооны дарга, гишүүдэд үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, туршилт-судалгааны төвийн инженер, офицер, ахлагч нарын бүтээсэн техник, технологи инновацын бүтээлүүдийг танилцууллаа.
Уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага оролцож, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдийн асуултад хариулж, харилцан санал солилцсон.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний Батлан Хамгаалахын их сургууль зэрэг эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хийсэн судалгаа, шинжилгээнд тулгуурлан салбарын бодлого боловсруулахад анхаарах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд анхаарахыг хэлэв. Түүнчлэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог сайжруулах, "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг малчин цэрэг болгон өргөжүүлэх, мөн боловсрол, сургалтын байгууллагаар дамжуулан хүүхэд, залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд анхаарах шаардлагын талаар санал хэлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English