“Монгол Улсын макро эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Улсын Их Хурлын Тамгын газрын нэгдүгээр байрны хэлэлцүүлгийн танхимд 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэг нь дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, эрсдэл өндөртэй байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсын макро эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн төлөв байдал, цаашдын хандлага, тулгамдаж буй сорилт, эрсдэлийн талаар төр, судалгаа, шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын санал, байр суурийг сонсох, мэдээлэл солилцох зорилготойгоор зохион байгуулагдав.
Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк, Үндэсний аудитын газар, УИХ-ын Тамгын газар, Олон улсын байгууллага, Их, дээд сургуулиуд, Иргэний нийгмийн болон судалгааны байгууллага зэрэг 33 байгууллагын 85 хүн оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл”-д өгсөн дүгнэлтийг танилцуулж, төсвийн тусгай шаардлага, макро эдийн засгийн таамаглал, төсвийн бодлогын чиглэл, болзошгүй эрсдэлийн талаар байр сууриа илэрхийллээ.
Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, дунд хугацааны төсөөллийн талаар танилцуулж, 2025 онд эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрсэн боловч дотоод эрэлт, худалдаа, үйлчилгээний салбарын идэвх сул байгааг онцолсон юм. Мөн хүнсний инфляц өсөж, өрхийн бодит орлогын өсөлт саарч буй нөхцөл байдлыг танилцууллаа.
Монголбанкнаас эдийн засгийн өнөөгийн төлөв, инфляцын хүлээлт, бизнесийн орчны талаарх судалгааны үр дүнг танилцуулж, инфляцын хүлээлт нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил болон ажил эрхлэлтийн хүлээлт сулрах хандлага ажиглагдаж байгааг мэдээлэв.
Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд өгсөн дүгнэлтийг танилцуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа, үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн Монголбанкнаас “Төсвийн зардлын импортод үзүүлэх нөлөө” сэдвээр судалгааны үр дүнгээ танилцуулж, төсвийн зардлын өсөлт импортын өсөлтөд хүчтэй нөлөөлж буй талаар мэдээлэл өгсөн юм.
Үндэсний аудитын газраас Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд хийсэн аудитын дүгнэлтээ танилцуулж, тус төлөвлөгөөнд нийт 310 төсөл, арга хэмжээ, 334 шалгуур үзүүлэлт, 15.3 их наяд төгрөгийн санхүүжилт тусгасныг мэдээллээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчим, хуульд заасан шаардлагыг бүрэн хангах, төлөвлөлтийг судалгаа, шинжилгээнд үндэслэх шаардлагатайг тэмдэглэсэн байна.
Түүнчлэн шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин уялдаагүй, зарим үзүүлэлт хэмжигдэхүйц бус, санхүүжилтийн эх үүсвэр, техник, эдийн засгийн үндэслэл тодорхойгүй, төслийн урьдчилсан судалгаа хангалтгүй байгааг анхаарах асуудал гэж үзсэн байна.
Хэлэлцүүлгийн явцад оролцогчид дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, инфляцын дарамт зэрэг гадаад, дотоод эрсдэлүүд Монгол Улсын макро эдийн засаг, төсөв, санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөхөөр байгаа талаар саналаа илэрхийлэв.
Мөн төсөв, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн зорилт, шалгуур үзүүлэлтийг илүү тодорхой, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулах шаардлагатай талаар санал солилцлоо. Түүнчлэн томоохон төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжилтийн эрсдэлийг бодитой үнэлэх, төсөвлөлт болон төлөвлөлтийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж буй оролцогчид олон байв.
Түүнчлэн хөгжлийн бодлого, жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, шалгуур үзүүлэлтүүдийг SMART зарчимд нийцүүлэн тодорхойлох, бодлого боловсруулах үйл явцыг судалгаа, шинжилгээ, өгөгдөлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн болно.
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ
Мон
English