УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.05.19/ О.Алтангэрэл, Х.Баасанжаргал, Д.Батлут, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нарын гишүүд хүрэлцэн ирснээр буюу 53.6 хувийн ирцтэй 15.00 цагт хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хууль зүйн байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар энэхүү анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан саналын дагуу Ажлын хэсэг дахин хуралдахаар хойшлуулсан, УИХ-ын Ажлын хэсэг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, саналаа нэгтгэж хуулийн төслийн хоёр хувилбарыг боловсруулан Байнгын хороонд танилцуулахаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс боловсруулсан хоёр хувилбар бүхий хуулийн төслийг танилцуулж, санал хураахад “Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төсөл буюу Ажлын хэсгийн боловсруулсан нэгдүгээр хувилбарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Эхний санал дэмжигдсэнтэй холбогдуулан хуралдаан даргалагч Д.Цогтбаатар, Монгол Улсын Засгийн газар “гүтгэх” гэмт хэргийн зохицуулалтыг шинээр боловсруулан 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцэн батлуулах нь зүйтэй талаар онцлон тэмдэглэлээ.
Мөн хуралдаанаар хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шатанд шилжүүлэх тухай горимын санал гаргаж, санал хураалтаар дэмжив.
Харин дараа нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилсэн юм. Энэхүү хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Одоо уг асуудлаар гишүүд байр суурь илэрхийлж, дэмжих эсэхийг шийдвэрлэх болно гэж хуралдаан даргалагч сануулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байр суурь илэрхийлэх гишүүн гараагүй тул хуулийн төслүүдээр нэг бүрчлэн санал хураалаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар илтгэхээр тогтов.
Байнгын хороо энэ өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Бүрэлдэхүүнийг сонгохдоо байгууллагуудаас санал болгосон хүн тус бүрээр санал хурааж шийдэв.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол Ардын намын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургуулиас санал болгосон төлөөлөл олонхын санал авч сонгогдов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English