Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.05.20/ тус Байнгын хорооны 32 гишүүнээс 18 нь буюу УИХ-ын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Б.Жаргалан, Б.Заяабал, Ч.Лодойсамбуу, З.Мэндсайхан, Г.Очирбат, Р.Сэддорж, А.Ундраа, Б.Уянга, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, Д.Үүрийнтуяа нар хүрэлцэн ирснээр 56.3 хувийн ирц бүрдэн 15.00 цагт хуралдаж эхэллээ.
Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Анар, Ч.Лодойсамбуу, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг нар горимын санал гаргасныг санал хурааж шийдвэрлэв. Ингээд хуралдааны эхэнд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь хуулийн давхардал, зөрчлийг арилгах, төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд төрийн оролцоог хязгаарлах, компанийн засаглалын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, улс төрийн нөлөө, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах ач холбогдолтой ажээ. Энэхүү төсөлд 1991 оны “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг хүчингүй болсонд тооцох тухай зохицуулалт тусгасан талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж товч танилцуулаад, асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаа эсэхийг лавлав. Хуулийн төслийн нэг болон хоёрдугаар заалттай холбогдуулан асууж тодруулах, байр суурь илэрхийлэх гишүүн гарсангүй. Харин хууль санаачлагчаас хуулийн төсөлд 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж нэмж тусгуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжив. Анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдаан даргалагч Р.Сэддорж өөрөө чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр боллоо.
Үүний дараа хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. УИХ дахь Монгол Ардын намын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Батжаргалын Заяабалын нэрийг дэвшүүлж буйг тус намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл танилцууллаа. /Нэр дэвшигчийн намтрыг эндээс үзнэ үү./ Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь УИХ-ын гишүүн Б.Заяабалыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, гишүүдийн 54.8 хувь нь дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон бусад байнгын хороонд шилжүүлсэн байдаг. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Батчимэг, Р.Сэддорж нар танилцуулж, Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар илтгэв.
УИХ-ын гишүүдээс хэлэлцүүлгийн үеэр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Баатархүү, Н.Наранбаатар, Г.Очирбат, А.Ундраа, Б.Заяабал, Г.Уянгахишиг, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг нар асуулт асууж, байр суурь илэрхийлэв. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тэдний асуултад хариулахдаа, хөгжлийн төлөвлөгөөнд нэгэнт эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг эрэмбэлэх замаар үргэлжлүүлэхээр тусгасан, харин улсын төсвөөр бүтээн байгуулалт шинээр нэмж хийх боломжгүй, санхүү, төсвийн сахилга батыг сахих зарчмаа баримтална гэсэн юм. Тэрбээр, хуулиар тогтоосон дүрэм, журам зөрчин байж санал гаргадаг явдлыг таслан зогсоохгүй бол асуудал үүснэ. Ирэх онд төсвийн урсгал зардалтай холбоотойгоор шинэ хөрөнгө оруулалт, 200 гаруй саналыг төсөвт тусгах боломжгүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байлаа.
Байнгын хорооны хуралдаан санал хураалтаар үргэлжилсэн ч түр завсарлаж, Пүрэв гарагийн /2026.05.20/ өглөөний 09 цаг хүртэл хойшиллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English