Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ жил бүр тавдугаар сарын сүүлчийн 7 хоногийг хүүхдийн эрхийн асуудал хэлэлцдэг болгож хэвшүүлнэ гэв


Төрийн үйл хэрэгт хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа хууль тогтоох үйл ажиллагаа, хүний эрхийн ойлголт, мэдлэгтэй, парламентын боловсролтой иргэн бэлтгэх “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн 126 сурагч хамрагдаж, өнөөдөр /2026.05.23/ гэрчилгээгээ гардан авлаа.

Улсын Их Хурлын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран тав дахь удаагийн хөтөлбөрийг "Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе" буюу "WASH AND TEENS" сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож хэлсэн үгэндээ, Монгол орон даяар, үндэсний хэмжээнд 2021 оноос хойш хэрэгжиж эхэлсэн өсвөр үеийнхний хөгжил, парламентын оролцоог дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрт 600 орчим сурагч хамрагдаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хүүхэд залуучуудын нийтлэг эрх, үүргийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх, хууль санаачлах, боловсруулах, батлах үйл явцад хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний хөгжлийн чадваруудаа дээшлүүлж, нөлөөллийн ажил хийх арвин туршлагыг хуримтлуулжээ. Өнөө жилийн хөтөлбөрт оролцогсод зөвхөн нөлөөллийн ажлаараа 600 сургууль, цэцэрлэгийн хүүхдэд 546 удаа уулзалт, сургалт зохион байгуулж, 54 мянга орчим хүүхдийг хамруулсан нь “Өсвөрийн парламент” хөтөлбөр цар хүрээгээ тэлж байгааг илтгэнэ. Цаашид энэхүү хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр нийгмийн идэвхтэй, хариуцлагатай, парламентын оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд бодит үр дүн гарна гэж бид үзэж байна гэсэн юм. Мөн тэрбээр, ирэх 7 хоног УИХ хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой та бүхний өмнө тулгамдсан асуудал, тэдгээрийг зохицуулахад шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцэх болно. Жил бүрийн 5 дугаар сарын сүүлчийн 7 хоногийг УИХ хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг уламжлал бий болгоно хэмээн онцоллоо.

Хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг, УИХ-ын гишүүн Р.Батболд болон зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл, хөтөлбөрийн оролцогчид, сургагч багш, мэргэжилтнүүд оролцлоо. 



Хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор гурван удаагийн загвар чуулганыг “Усны нөөцийн судалгаа хамгаалал, усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудал”, “Ундны усны аюулгүй байдал байгаль орчны нөхөн сэргээлт”, “Сургуулийн орчны ариун цэвэр, эрүүл ахуйн тулгамдсан асуудал” сэдвээр явуулж, гарсан санал, зөвлөмжийг хөтөлбөрийн хаалтын үеэр Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод уламжиллаа.

Хүүхдүүд загвар чуулганы хугацаанд орон нутагт ажиллаж, нийгэмд тулгамдсан асуудлаар чуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, их зүйл суралцсан хэмээн ээлж дараалан сэтгэгдлээ илэрхийлж байв.

Хөтөлбөрийн нөлөөлөл, үр дүнг үнэлэх асуумж, судалгааны дүнг Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс танилцууллаа. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд хууль тогтоох үйл ажиллагаа буюу парламентын талаарх ойлголт мэдлэгээ бататгаж, мэтгэлцэх, шүүмжлэлт сэтгэлгээ, бичгээр илэрхийлэх, манлайлах, багаар ажиллах чадварт суралцсан хэмээн хариулж, үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн. Загвар чуулган” нь парламентын үйл ажиллагааг бодитоор ойлгож, хууль тогтоох үйл явцыг туршин суралцахад өндөр үр нөлөө үзүүлсэн гэж дүгнэжээ. Харин өсвөрийн парламентчдад тулгамдсан асуудал нь нөлөөллийн ажил явуулахад сургуулийн дэмжлэг дутмаг байсан гэж 57 хувь нь, оролцогчдыг цуглуулах, зохион байгуулахтай холбоотой хүндрэл гарсан тухай 38 хувь нь, цагийн хуваарилалт, ачааллыг даван туулах шаардлага үүссэн гэж 35 хувь нь хариулсан байна.



Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, парламентын хөтөлбөрт амжилттай хамрагдсан хүүхдүүдэд УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, УИХТГ-ын дэд дарга, ПСХХ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Одхүү нар баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.





Хуваалцах:

Холбоотой мэдээ