Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.25) Европын Холбооны 21 гишүүн орноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Хүн намын зөвлөлийн гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Б.Мөнхсоёл нар оролцов.

 

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Элчин сайд нартай энэ удаад хууль тогтоох дээд байгууллагын даргын хувиар уулзаж байгаадаа  талархалтай байгаагаа илэрхийлээд жил бүр тавдугаар сард зохион байгуулагддаг Европын Холбооны өдрүүд энэ жил анх удаа орон нутагт Дархан-Уул аймагт зохион байгуулагдсанд баяр хүргэв. Тэрбээр, хоёр талын харилцааг бүх салбарт иж бүрэн өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал хэмээгээд Улсын Их Хуралд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцах 19 бүлэг идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэв. 

 

Улсын Их Хурлын даргын хувьд “Сайн парламент”-ыг цогцлоох зорилт тавин ажиллаж байна. Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад олон нийтийн оролцоог хангаж, итгэлцлийг сэргээхэд анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа танилцуулсан. Энэ хүрээнд парламентын засаглалыг бэхжүүлэх, хууль тогтоох үе шат бүрд нээлттэй, иргэдийн оролцоог хангаж ажиллахад Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын парламент арвин их туршлагатай учраас илүү нягт, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав. Мөн Улсын Их Хурлын дарга дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан асуудал болоод буй  илт худал мэдээлэл тараах асуудалд Европын Холбоо санаачилгатай ажиллаж байгааг дурдаад хууль тогтоох чиглэлд туршлага судалж, хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 

Түүнчлэн  Европын Холбооны улсуудад өнөөдрийн байдлаар манай улсын 65 мянга орчим иргэн сурч, ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдийн бизнес хийх болон визийн нөхцөлийг хөнгөвчлөх,  талуудын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэрт байдлыг хангах зэрэг асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж, Монгол Улсын Их Хурлын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч ажиллах болно хэмээв.

 

 Улсын Их Хурлын даргыг ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа Европын Холбооноос Монгол Улсад суугаа  Элчин сайд Ина Марчюлёните үг хэлсэн.Тэрбээр Европын Холбооны улсуудтай ирэх жил болох сонгуультай холбоотойгоор  илт худал мэдээлэл тараах болон кибер халдлагын эрсдэлээс хамгаалах хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр санал солилцож буйгаа дурдав. Үүнээс гадна ойн түншлэлийн хүрээнд Ойн тухай хуулийн төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-д энэ асуудлаар тодорхой үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаагаа хэлж байлаа.  Түүнчлэн хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг бүрдүүлэхэд зарим нэг сорилт тулгарч байгааг дурдав. Тухайлбал, олон улсын арбитрийг хүлээн зөвшөөрөх тал дээр асуудал тулгардаг зэрэг нь хөрөнгө оруулалтыг тодорхой эрсдэлд оруулдаг гэж байлаа. Зөвхөн Европын Холбоо төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд Хөрөнгө оруулалтын тухай хууль чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа байр сууриа илэрхийллээ.

 

Түүнчлэн Бүгд Найрамдах Хорват Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дарио Михелин, Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Пер Августссон  нар үг хэлсэн. Тухайлбал Хорват Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дарио Михелин, хоёр улсын парламент хоорондын хамтын  ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгааг тэмдэглээд Улсын Их Хурлын даргын дурдсан “Сайн парламент-ыг төлөвшүүлэх, нээлттэй, ил тод хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог хангах чиглэлээр харилцан туршлага солилцож, ажиллахад бэлэн байгаагаа хэлэв.

 

Үүнээс гадна  Улсын Их Хуралд суудалтай таван намын оролцоог хэрхэн хангаж байгаа талаар асуусан асуултад Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Х.Тэмүүжин хариулт өгсөн. Тэрбээр, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон намын төлөөлөл бүхий парламентын тогтолцоо бий болох эрх зүйн орчин бий болсон. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга намаасаа татгалзах агуулга бүхий хуулийн төсөл санаачлаад байгаагаа дурдаад Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хувьд парламентад харилцан тэнцвэртэй ажил хэрэгч мэтгэлцээн өрнөх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэмээн дүгнэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ