Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.05.26) хуралдлаа. Байнгын хорооны гишүүдийн ирц 60 хувь.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бейсен, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, П.Ганзориг, С.Зулпхар, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, Д.Рэгдэл, О.Саранчулуун, М.Сарнай, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, Ж.Чинбүрэн, Л.Энхнасан, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат нар Байнгын хорооны хуралдаанд оролцов.
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс 2026 оны тавдугаар сарын 22-нд баталсан тов, дараалалд,
-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл
-Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн ажил олгогч, даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
гэсэн гурван асуудал хэлэлцэхээр тусгасан.
Гэвч өчигдөр буюу 2026 оны тавдугаар сарын 25-нд хийхээр товлосон НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын ирц бүрдээгүйгээс хойшлуулсан тул гурав дахь асуудлыг хасах тухай саналыг тус сонсголыг даргалан явуулах байсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа гаргав. Түүний гаргасан саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцлээ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг Байнгын хорооны хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид танилцуулав.
Илтгэлийг зургаан сэдвийн хүрээнд бэлтгэсэн байна. Эдгээрээс иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын тогтолцооны зарим асуудал, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудал гэсэн 1, 5, 6 дугаар бүлгүүд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хамаарна гээд тэрбээр эдгээр сэдвийн талаар танилцуулав.
Эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг илтгэлийнхээ эхэнд дурдаад, хууль, эрх зүйн орчинтой холбоотой 11, тусламж үйлчилгээний талаарх найм, даатгал, санхүүжилттэй холбоотой таван санал хүргүүлж буйг хэлэв. Мөн эрүүл мэндийн салбарын мэдээллийн систем, цахимжилтыг эрчимжүүлэх, эмч, эмнэлгийн ажилтны хөдөлмөрлөх эрх сайжруулах, тэдний ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг дурдав.
Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг чадавхжуулах, ачааллыг бууруулах, ажиллах орчныг сайжруулж, хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээг чанаржуулах шаардлага байгааг тэрбээр онцлов. Түүнчлэн энэ тогтолцооны зарим журам, стандартыг баталж, мөрдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлж, холбогдох хууль тогтоомжиг хэрэгжилтийг хангах, яхналт тавих, мөн нэгдсэн сан байгуулах, бүртгэл, мэдээллийн системийг орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн шинэчлэх хэрэгцээ байгааг хэллээ. Илтгэлд энэ талаар тодорхой санал, зөвлөмжүүдийг тусгасан байна.
Эрэгтэйчүүдийн эрхийн талаарх бүлэгт тэдний эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгааллын нөхцөл байдлыг шинжлэн тодорхойлж, хөгжлийн бэрхшээлтэй эрчүүдийн нөхцөл байдлын талаар онцолсон байна. Эрэгтэйчүүдийн амиа хоорлолд өндөр түвшинд хүрсэн, дундаж наслалт эмэгтэйчүүдээс 9.2 жилээр бага, эрүүл мэндийн тэслэмж, үйлчилгээ авах нь бага, сэтгэлзүйн эмгэгтэй болох нь их, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчинд өртөх тохиолдол өндөр байгааг ХЭҮК-ын дарга танилцуулж, бүх шатны боловсрол сургалтын байгууллагад хамрагдагсдын дийлэнх нь охид, эмэгтэйчүүд байгааг дурдлаа.
Иймд тус комиссоос эрэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хууль тогтоомж, бодлого шийдвэртэй холбоотой долоо, үйл ажиллагаатай холбоотой буюу эрчүүдийн сэтгэл зүй, эрүүл мэндийн үйлчилгээ, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, нийгмийн халамж, анхаарлыг дээшлүүлэх тухай 10 саналыг хүргүүлсэн байна.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн талаарх ХЭҮК-ын даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Т.Мөнхсайхан, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, Ж.Галбадрах, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, О.Батнайрамдал нар асуулт асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун, О.Батнайрамдал нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүд эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болж буй иргэд, тэдний сэргээн засах эмчилгээ, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, бодлого, зохицуулалтыг сайжруулах, өр, авлагыг шийдвэрлэх, хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгамдаж байгаа асуудлууд, хүүхдийн амьд явах эрхийг хангах, өсвөр насны охидын жирэмслэлт, унаач хүүхдүүдийн гэмтэл, бэртлийг бууруулах, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, ажил хариуцсан хүмүүст оногдуулах хариуцлага, амьдрах, ажиллах орчны аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах, боловсролын хүртээмж, сургууль, цэцэрлэгийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдал болон барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулах, сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгааг таслан зогсоох, үр дүн гаргаж ажиллах зэрэг олон асуудлыг хөндлөө.
Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг дараа нь хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн тавив. Хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг хүүхэд бүрд бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл 5 бүлэг, 20 зүйлтэйг тэрбээр танилцуулав.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж, хүүхдийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна. Мөн хүүхдийг өөрийгөө хөгжүүлж бие даасан хувь хүн болж төлөвших, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэхийг зэрэгцээ үүнд зориулах тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй болж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, боловсрол сургалтын байгууллагын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн тавьсан илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ж.Галбадрах, Д.Энхтуяа, О.Саранчулуун, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нар асуулт асууж, хуулийн төсөлд тусгагдсан Хүүхэд хөгжлийн төв, түүний санхүүжилт, тэнд үйл ажиллагаа эрхлэгчдийн чиг үүрэг, гэрээ, хариуцлага зэрэг асуудлаар хууль санаачлагчдаас тодорхой хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, үг хэлэв.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 65.4 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English