Цэс

Холбоо барих

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.26/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталж, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 хотыг байгуулах шийдвэр гарсан. Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Гэвч хуульд оруулсан өөрчлөлтүүд нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөхийн зэрэгцээ Үндсэн хуульд заасан институцтэй зэрэгцээ бүтцүүд үүсэхээр байгааг Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгээс тогтоосныг Б.Энхбаяр сайд энэ үеэр онцлон тэмдэглэсэн.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад хот байгуулахад хүн амын тоо, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, дэд бүтэц, зам харилцаа, инженерийн байгууламж, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үзүүлэх нөлөөлөл зэрэг олон шалгуурыг хамтад нь тооцох шаардлага үүссэн байна. Мөн өмнө батлагдсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх явцад зарим хотын хүн амын тоо, эдэлбэр газар, хил зааг, өмч, төсөв, байгууллагын бүтэц бүрэн тодорхой болоогүй байна. Ийм нөхцөлд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудыг нэгэн зэрэг байгуулах нь чиг үүргийн давхардал, төсвийн нэмэлт ачаалал, зохион байгуулалтын хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул хот байгуулах бодлогыг бодит нөхцөл, бэлтгэл ажлын түвшинтэй уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.  

Хуулийн төсөлд Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй хоёр хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэлийг ханган хэрэгжүүлэх гол зохицуулалтыг тусгасан байна.

Харин орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын асуудлыг дээрх хотуудын хэрэгжилтийн явц, үр дүн, туршлага, гарсан хүндрэл, тэдгээрийг шийдвэрлэсэн арга замд үндэслэн дараагийн шатанд үе шаттайгаар шийдвэрлэхээр тооцож байна. Энэ зорилгоор “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын улсын болон орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хот байгуулахтай холбоотой холбогдох зохицуулалтыг хүчингүй болсонд тооцохоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн боловсруулсан гэж байлаа.

Түүнчлэн чиг үүргийн давхардал, хариуцлагын зааг, ялгааг тодорхой болгох зорилгоор шилжилтийн үеийн зохицуулалтыг төсөлд тусгасан. Тодруулбал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь хотын Зөвлөл, Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр шинэ бүтэц шууд давхардан бий болохоос сэргийлж, төрийн үйлчилгээ тасалдахгүй байх, төсвийн нэмэлт ачааллыг бууруулах, хотын удирдлагын тогтолцоог үе шаттай бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Хот байгуулахтай холбоотой эрх зүй, төсөв, зохион байгуулалтын тодорхойгүй байдал удаан үргэлжилбэл хөрөнгө оруулалтын шийдвэр хойшлох, орон нутгийн хөгжлийн бодлого хэрэгжихгүй удаашрах, төсвийн хөрөнгө оруулалт давхцах буюу үр ашиггүй зарцуулагдах, төрийн үйлчилгээний тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй. Иймээс уг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь эдийн засгийн өсөлтийн суурийг бүс нутагт тэнцвэртэй бүрдүүлэх, хөгжлийн бодлогын залгамж чанарыг хангах, төсөв, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх замаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ