Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2026.05.27) Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд боллоо. Энэ удаагийн уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн даргалсан бол Европын талаас Европын парламентын гишүүн, тус парламент дахь Төв Ази, Монголтой харилцах төлөөлөгчдийн бүлгийн дарга Жүси Принчи хамтран даргалсан. Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ, Европын парламентын хүндэт төлөөлөгчдийг дэлгэр Монгол оронд тавтай морилохыг уриад, бидний ард түмэн газарзүйн байршлын хувьд 7000 гаруй км-ийн алс оршдог ч хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогддог хэмээн тодотголоо.
Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, талуудын дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү зөвлөлдөх уулзалтаар тогтвортой түншлэлийн харилцааг илүү төрөлжүүлэх санал, санаачилгууд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Европын парламентын гишүүн, тус парламент дахь Төв Ази, Монголтой харилцах төлөөлөгчдийн бүлгийн дарга Жүси Принчи хэлсэн үгэндээ, өнгөрсөн хугацаанд талууд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улсын тавцанд ч нэгдмэл санаачилгатай ажиллаж ирснийг дурдлаа. Энэ удаагийн 18 дугаар зөвлөлдөх уулзалт нь олон улсын эгзэгтэй нөхцөл байдал бүхий онцгой цаг үед болж буйг цохон тэмдэглээд, Монгол Улс, Европын Холбоотой ардчиллын төлөөх үнэт зүйлсээрээ нэгдэж, олон талт харилцаагаа бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурьтайг хэллээ.
Талууд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дараа энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг батлав. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Монгол Улс ба Европын Холбоо хоорондын харилцааны сүүлийн үеийн өөрчлөлт, онцлох үйл явдлуудыг тоймлон танилцууллаа. Өнгөрсөн онд Европын Холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форумыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсныг дурдаад энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор холбогдох төсөл хөтөлбөрүүдэд нэг тэрбум евро хүртэлх санхүүжилтийг олгох санамж бичиг байгуулсныг онцоллоо. Тэрбээр, эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах нь манай нэн тэргүүний зорилго гэдгийг тодотгоод талууд энэ хүрээнд бизнес моделийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.
Түүнчлэн байгалийн ховор элементийн салбарт хамтран ажиллах нөөц боломжтойг дурдаад ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчний харилцааг идэвхжүүлэх замаар экспортын коридорыг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад оролцогчид бүс нутгийн түншлэл, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны хүрээнд байр сууриа илэрхийлцгээв. Европын парламентын гишүүн Тиерри Мариани хэлэхдээ, Монгол Улс тэнцвэртэй, прагматик гадаад бодлогыг хэрэгжүүлж, бүс нутагтаа тогтвортой байдлыг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж байлаа. Тэрбээр, эрчим хүчний нөөц, байгалийн баялаг, харьцангуй залуу хүн ам болон Ази, Европыг холбосон газарзүйн байршил нь Монгол Улсын давуу тал гэж тодотгов. Эдгээрт тулгуурлан Европоос Монгол руу технологийн дэвшил, ноу-хау шингэсэн санхүүгийн бус хөрөнгө оруулалтыг олон хэлбэрээр татан төвлөрүүлэх боломжтой талаар санал дэвшүүллээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Ж.Баярмаа, хамтын ажиллагааны онцлох төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтээс тодотгож, парламент хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхэжсэн талаар дурдлаа. Түүнчлэн Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн үр дүнд баригдах “Зүрх судасны үндэсний төв” нь хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц төсөл гэдэгтэй талууд санал нэгдэв. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа үргэлжлүүлэн, цахим шилжилт тэр дундаа кибер аюулгүй байдал, өгөгдөл хамгааллын чиглэлээр туршлага судалж, цаашлаад нийгмийн сүлжээнд ор үндэсгүй худал мэдээлэл тараах үйлдлийн эсрэг эрх зүйн зохицуулалтын хүрээнд хамтран ажиллах санал дэвшүүллээ. УИХ-ын гишүүн О.Саранчулууны хувьд улс төрийн яриа хэлэлцээ, бүс нутгийн хамтын ажиллагааны бодлогоос танилцуулсан. Тэрбээр, мөн төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн оролцоо, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сайн туршлагыг хуваалцах санаачилгуудаас онцоллоо.
Түүнчлэн энэ ташрамд, ирэх намар Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Эмэгтэй парламентчдын чуулганд Европын парламентын эмэгтэй гишүүдийг оролцохыг урьсан юм. Худалдаа, эдийн засгийн харилцааны нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Э.Болормаа товч мэдээлэл өгөв. Монгол Улс, Европын Холбоо хоорондын худалдааны эргэлт 1 тэрбум ам.доллар бөгөөд манай улсын хувьд импорт 91 хувь, экспорт ердөө 9 хувийг эзэлж байна. Энэ талын харилцааг гүнзгийрүүлэхийн тулд Хөнгөлөлтийн ерөнхий схемийн ашиглалтыг нэмэгдүүлэх, Газарзүйн заалтын тухай хэлэлцээрийн явцыг урагшлуулах шаардлагатай байгааг уламжиллаа. Уг хэлэлцээрийг дуусгахад монголын талаас бэлтгэл ажил бүрэн хангагдсан болохыг дурдав. Хэлэлцээрийн үр дүнд ноос ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос зэрэг монголын бүтээгдэхүүнүүд Европын Холбооны газарзүйн хамгаалалттай барааны шошготойгоор тус зах зээлд нэвтэрч, экспорт төрөлжиж, харилцан ашигтай худалдааны эргэлт нэмэгдэх ач холбогдолтой аж.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэх, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, виз олгох процесс удаан, тавигдах шаардлага өндөр, хүчинтэй хугацаа богино байгааг тодотгож, харилцан зорчих эдгээр нөхцөлийг хөнгөвчлөх талаар холбогдох саналуудыг дэвшүүллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлэхдээ, энэ удаагийн зөвлөлдөх уулзалт талуудын өргөн бүрэлдэхүүнтэй, ажил хэрэгч саналуудаар дүүрэн, түүхэн уулзалт боллоо гэж дүгнэв. Уулзалтад, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга бөгөөд Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Г.Тэмүүлэн, бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, бүлгийн гишүүн Ж.Баярмаа, Э.Болормаа, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун, М.Сарнай нар оролцлоо. Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 19 дүгээр зөвлөлдөх уулзалт ирэх онд Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English