Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол явуулж, томилдог. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг пүрэв гарагт /2026.05.28/ хуралдаж, нэр дэвших хүсэлт ирүүлсэн 14 иргэний мэдээлэлтэй нэг бүрчлэн танилцаж, хуулийн шаардлага хангасан 12 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэлээ. Харин Шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хоёр иргэнийг бүртгэхээс татгалзав.
УИХ-ын гишүүн Д.Ганбатаар ахлуулсан тус ажлын хэсэг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн хугацаанд буюу 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс тус сарын 27-ны хооронд бүртгэлийг явуулжээ. Мөн Ажлын хэсгийн гишүүд хууль, журамд заасан үүрэг, хориглолтыг биелүүлэх баталгааг гаргаж, Хууль зүйн байнгын хороонд хүлээлгэн өгсөн.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч
1.Д.Өнөржаргал
2.Б.Амартүвшин
3.Ч.Отгонсүрэн
4.Г.Даваадалай
5.Б.Даваажав
6.М.Нямсүрэн
7.Б.Оюунгэрэл
8.С.Ганзориг
9.Э.Чулуунцэцэг
10.Ч.Өнөржаргал
11.Г.Эрдэнэбулган
12.Ж.Бат-Амгалан
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн болон улстөрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байх шалгууртай гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English