Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв.
Манай улсад стандарт, сахилга, хариуцлага алдагдах явдал өдөр ирэх тутам давтагдаж байна. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулахын тулд бүх салбарын бүх шатанд стандартыг дагаж мөрдүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг Ерөнхий сайд энэ үеэр онцлов. Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас ажил, хөдөлмөр эрхлэгч иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэлээ.
2021-2025 онд бүртгэгдсэн мэргэжлээс шалтгаалсан өвчний 85 хувь нь эргономикийн эрсдэл, ажлын байрны тоосжилт, хүчин зүйлээс хамаарч буй судалгаа гарсан төдийгүй энэ хугацаанд үйлдвэрлэлийн осолд нийт 2678 хүн өртөж, 308 хүн амь насаа алдсан байгааг Ерөнхий сайд танилцуулгадаа тодотгоод, Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартыг нэвтрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилтыг хангуулахад онцгой анхаарч ажиллаж байна гэв.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага, олон улсын гэрээ, конвенцын шаардлагад нийцүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль нэртэйгээр шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэгтэй бөгөөд ажил, хөдөлмөр эрхлэгч хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг ажлын байрны сөрөг, аюултай хүчин зүйлсээс хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тулгамдсан асуудлыг үндэсний хэмжээнд шийдвэрлэх бүтэц, тогтолцооны шинэлэг зохицуулалтыг тусгасан байна.
Хууль батлагдсанаар ажил, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан, хяналт, цахимжилт, салбар дундын уялдаа, мэргэжлийн холбоо, оролцогч талуудын чиг үүргийг оновчтой тодорхойлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлснээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоо бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн урьдчилан сэргийлэлтэд суурилсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын зохицуулалтыг бий болгосноор ажил олгогч, даатгуулагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон cанхүүгийн дэмжлэг авах, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, ажилтан эрүүл, аюулгүй ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэж, ажил, хөдөлмөр эрхлэгч хүн амын дундаж наслалт, амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлнэ төсөл санаачлагчид танилцуулгадаа онцолжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English