Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Н.Батсүмбэрэл А.Ганбаатар Г.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Н.Наранбаатар, Д.Энхтуяа нараас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
2020 онд батлагдсан хуулийн шинэчилсэн найруулгад засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын чиг үүргийг давхардалгүй, хийдэлгүй тодорхойлсны дээр төрийн зарим чиг үүргийг төлөөлүүлэн гүйцэтгүүлэх зохицуулалтыг тодорхой тусгасан байна.
Харьяа нутаг дэвсгэртээ төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэхдээ Засаг дарга нь төрийн төлөөлөгчийн хувьд эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагыг томилж, чөлөөлөх, хариуцлага тооцох, ажлын төлөвлөлт, түүний гүйцэтгэлд хяналт тавих, чадварлаг төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, урьж ажиллуулах зэргээр удирдлага, зохион байгуулалтын эрхийг нь шилжүүлэх шаардлага үүссэн байна.
Иймд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын бодлого хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ, аж ахуйн талаарх чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлдэг агентлагуудын удирдлагын томилгоог орон нутаг, Засаг даргад шилжүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж, төслийг боловсруулсан гэв.
Хуулийн төсөлд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх агентлагуудын орон нутаг дахь байгууллагын захирал, удирдлагуудыг томилох, чөлөөлөх эрхийг Засаг даргад олгох зохицуулалтыг тусгажээ.
Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English