Цэс

Холбоо барих

УИХ-ын асуулгын цагаар татварын асуудлыг хөндөж, “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг соёрхон баталлаа

УИХ-ын асуулгын цагаар татварын талаар Засгийн газраас баримтлах бодлогыг хөндөв

Улсын Их Хурлын өнөөдрийн (2026.05.29) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэллээ. Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цаг байдаг бөгөөд энэ удаа татварын талаар Засгийн газраас баримтлах бодлогыг хөндөв. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос долоо хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлсэн бөгөөд асуултыг нэгтгэн parliament.mn цахим хуудсанд байршуулсан байна.


Дэвшүүлсэн аливаа бодлогын үр дүн гарах боломжит хугацаа учраас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл улс орны сүүлийн 10 жилийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газраас баримталсан татварын бодлогын талаар төвлөрч асууна гэдгээ тодотгов. Тухайн хугацаанд татвар зургаа дахин нэмэгдсэн иргэдийн орлого энэ хэрээр нэмэгдээгүй, дундаж давхарга хумигдсан, ядуурал буураагүй зэрэг нь бодлогын алдаа мөн эсэхийг асуулаа. Ерөнхий сайд Н.Учрал хариулахдаа “2016 онд 3,063,568 байсан хүн ам өдгөө 3,425,000 болсон. 29,9 их наяд төгрөг байсан нэрлэсэн ДНБ өнөөдөр 89,9 их наяд төгрөгт хүрсэн. Тэгэхээр 10 жилийн хугацаанд бол ДНБ тэлсэн, хүн ам өссөн. Төрийн албан хаагчдын тооны тухайд төрийн захиргааны албан хаагчид гэхээсээ илүүтэйгээр төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо өссөн. Шалтгаан нь  10 жилийн өмнө сургуулийн насны хүүхэд 260 мянга байсан нь өнөөдөр 455 мянга буюу бараг 2 дахин өсжээ. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн үйлчилгээний албан хаагчдын өссөн гэсэн үг. Өнгөрсөн хугацааны алдаа гэвэл төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангаж чадаагүй. Мөн эдийн засгийн өсөлтийн үеийг бүрэн дүүрэн, зөв ашиглаагүй, алдагдалгүй төсөв батална гээд олсныхоо хэрээр зарцуулсан” гэв. Сүүлийн 10 жилийн хугацаанд татварын нэр төрлийг нэмэгдүүлсэн эсэхийг О.Цогтгэрэл гишүүн асуухад Татварын ерөнхий хуульд заасан 27 төрлийн татвар байгаа ба согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмсэн, хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоо руу шилжүүлсэн, нийслэл хотын албан татвар 1 хувь байсныг 2 хувь болгосон гэдгийг Ерөнхий сайд хариуллаа. Мөн согтууруулах ундааны онцгой албан татварыг хоёр жил тутам үе шаттай нэмэгдүүлэх хуулийг баталсан учраас энэ дагуу нэмэгдээд явж байгаа, агаарын бохирдлын төлбөр нэмэгдсэн гэлээ. Үргэлжлүүлэн хувь хүний орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг өөрчилснөөр чинээлэг дундаж давхаргыг тэлэх бодлогод ямар нөлөө үзүүлэх, сүүлийн 10 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өөрчлөлтийн нөлөөлөл, төсвийн хөрөнгө оруулалттай ч гүйцэтгэлгүй том дүнтэй төслүүдийн эдийн засагт үзүүлэх нөлөө, жил бүрийн улсын төсөв дэх гадаад зээлийн хүүгийн төлбөрийн дарамт, төрийн болоод орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цөөлөх талаар О.Цогтгэрэл гишүүн асуулт асууж, Ерөнхий сайд хариулт өгсөн юм.



Дараа нь цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Г.Ганбаатар, Д.Батбаяр, Г.Хосбаяр, Дав.Цогтбаатар, С.Ганбаатар нар өнгөрсөн  10 жилийн хугацааны 17 төрлийн татварын хувь хэмжээ нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ гурав дахин нэмэгдсэн, иргэдийн цалин, орлого амьдралд нь хүрэлцэхгүй байгаа баримтыг дурдаж төрийн дунд шатны удирдах бүтцийг өргөтгөсөн асуудлыг хэрхэх, татварын өсөлтийг гүйцэхгүй байгаа иргэдийн орлогын талаар баримтлах бодлого, ард түмнээ татварын дарамтаас гаргах шийдлийн талаар тодруулж байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг зургаа дахин томорсон ч энэ өсөлт өрхийн хаалгаар ороогүй хэмээн Н.Учрал сайд хариулаад “Арга хэмжээ авахаар ажиллаж байна. Хэрэглээг дэмжсэн бодлогоос салж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлсэн” хэмээгээд дэлгэрэнгүй хариултыг өгсөн. Татвар бол нийгмийн баялгийн хуваарилалт бөгөөд үүнийг шударга байлгахын тулд төрийн албаны цалингийн тогтолцоог нэгтгэж, халамжийг зорилтот бүлэгт оновчтой хуваарилах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа хэлж байв. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг цөөлөх эсэх асуултад Ерөнхий сайд “Хувийн хэвшлийн орон зайд төр халдахгүй байх хүрээнд төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулахаар ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг нэгтгээд, хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр зохион байгуулаад бирж дээр гаргах замыг сонгож байна. Үүний зорилго нь ил тод, хяналтай байх боломжийг бүрдүүлэх юм” гэдэг хариулт өгсөн. Түүнчлэн гишүүд татвар өндөр, төсөв хэтийдсэн, төр данхар байгааг дурдан сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн татварын бодлого, эдийн засагт авч хэрэгжүүлсэн бодлого зөв эсэх хариултад Н.Учрал сайд хариулт өгсөн.


Үргэлжлүүлэн олонхын бүлгийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тамхины хяналтын чиглэлээрх бодлогын талаар, О.Саранчулуун гишүүн төрийн бус байгууллагын оролцоотойгоор ахмад настны хувилбарт асрах үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хэрэгжилт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хангах хүрээнд дэвшүүлсэн зорилтуудын талаар, сэргээн засах мэргэжилтнүүдийн хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр арга хэмжээний талаар тодруулж хариулт авав. Төсвийн төслийн хамтаар онцгой албан татварын өөрчлөлтийн талаарх хуулийн өөрчлөлтийг боловсруулж, энэ хүрээнд тамхины хяналтыг хэрэгжүүлэх нь оновчтой хэмээн үзсэн хэмээн Ерөнхий сайд хариулсан. Хүүхдийн эрхийн асуудал энэ Засгийн газрын бодлогын төвд байгаа гэдгийг тэрбээр тэмдэглээд Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувиар анхны хурлаа хийгээд, зохих үүрэг, чиглэл өгсөн гэдгээ хэлсэн.


Ахмад настны хувилбарт асаргааны үйлчилгээний тухайд өнгөрсөн онд өдрөөр асрах болон гэрээр асрах, байнга байрлуулан асрах үйлчилгээг 23 байгууллага үзүүлэхэд 2500 орчим ахмад настан хамрагджээ. Халамжийн сангаас үүнд 1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчилгээг хувийн хэвшил болон төрийн бус 37 байгууллага үзүүлж, давхардсан тоогоор 65000 ахмад настан хамрагджээ. Үүнд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан гэв. Асаргааны хувилбарт үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлээд явж байгаа гэх хариултыг өгч байв. Д.Энхтүвшин гишүүн ажиллах хүчний нөөцийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний төлөвлөлтийн талаар асууж, Ерөнхий сайдаас дэлгэрэнгүй хариулт авсан. Цөөнхийн гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Батбаатар нар асуулт асууж, Ерөнхий сайдаас хариулт авснаар татварын талаар Засгийн газраас баримтлах бодлогыг хөндсөн Улсын Их Хурлын асуулгын цаг өндөрлөлөө. 


Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс УИХ дахь намын бүлгүүд завсарлага авав

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр нэгдэн хуралдаан үргэлжилсэн. Улсын Их Хурлын дөрвөн гишүүнээс энэ оны 3 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал танилцуулав.


Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаас хойших 14 жилийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар санал хураалтад оролцохгүй байх үүргээ биелүүлсэн хоёр тохиолдол байгаа нь хууль хэрэгжихгүй байгааг илтгэж байх тул Улсын Их Хурлын гишүүдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд нээлттэй байршуулж, олон нийтэд мэдээлэх, чуулганы хуралдааны өмнө болон явцад гишүүн хэлэлцэж буй асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдэн “Ашиг сонирхлын бүртгэл”-д бүртгүүлж, нийтэд нээлттэй мэдээлж байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэж, хуулийн төслийг боловсруулсан байна.


Төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцууллаа. Байнгын хороо энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцжээ. Мөн иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын d.parliament.mn цахим системд төслийг байршуулсан байна.

Тус өдрийн хуралдаанаар Байнгын хороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.


Төсөл санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин асуулт асууж, хариулт авав. Дараа нь хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин илэрхийлж, нэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслийг нэгтгэх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн үг хэллээ. Ингээд санал хураалтыг түр хойшлуулсан юм.

Дараа нь 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшиний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн... гэж”, Хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж тус тус заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэг, түүний үр дүн, төлөөллийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй гишүүний саналыг иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж байх нь төрийн үүрэг мөн гэж үзэн төслийг боловсруулсан болохоо Д.Энхтүвшин гишүүн танилцууллаа. Тэрбээр, хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүн, гишүүн бүрийн саналыг тухайн өдөр нь товч мэдээлэл хэлбэрээр цахим хуудаст байршуулан санал хураалтын ил тод, нээлттэй байдлыг хангах нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг хуульчлахаар төслийг боловсруулсан байна.


Төслийн талаарх Төрийн байгууллалтын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулсан. Байнгын хороо энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулжээ. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын d.parliament.mn цахим системд байршуулсан болохыг дурдав.

Байнгын хорооны тус хуралдаанаар хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй аж.

Хууль санаачлагч хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин нар асуулт асууж, Д.Энхтүвшин гишүүнээс хариулт авсан юм. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн эсэх байр суурийг илэрхийлэх шаардлагагүй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Иймд хуулийн төсөл бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг түр хойшлуулаад, дараагийн асуудлыг хэлэлцсэн.


Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатарын энэ сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хууль санаачлагч төслийн үзэл баримтлалын талаарх танилцуулгадаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан ердийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт хэрэглэдэг нийтлэг хугацааны зохицуулалт нь ердийн хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэгт тохиромжтой боловч олон их наяд төгрөгийн төсвийн зарцуулалт, төсвийн сахилга, үр ашиг, аудитын дүгнэлт, санхүүгийн тайлангийн асуудлыг тал бүрээс нь хэлэлцэхэд хангалтгүй байна гэж үзсэн болохоо дурдав.


Иймд нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэхэд ердийн хуулийн төслийн хэлэлцүүлгийн нийтлэг хугацаагаар явуулж байгааг гишүүн үндсэн асуултыг 10 минутаас илүүгүй хугацаанд асуух, нэмэлт асуултыг 3 минутаас илүүгүй хугацаанд асуух, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар дахин тодруулга хийх, гишүүний асуултад 6 минутаас илүүгүй хугацаанд хариулах, нэмэлт тайлбарыг Байнгын хороо, бүлгийн хуралдаанд 2 хүртэл удаа тус бүр 4 минутаас илүүгүй байх, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2 минутаас илүүгүй хугацаатай байх зохицуулалтыг тусгахаар төслийг боловсруулсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа дээрх төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Байнгын хороо энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцжээ. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын d.parliament.mn цахим системд байршуулсан байгаа аж.

Байнгын хорооны мөн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.


Хууль санаачлагчийн илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг түр хойшлуулахаар Улсын Их Хурлын дарга шийдвэрлэв.

Баасан гарагийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн 33 гишүүнээс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хууль санаачлагч чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь "дэмжих эсэх"-ээр санал хураах, Ерөнхий сайд Улсын Их Хуралд Засгийн газрын гишүүнийг танилцуулах хугацааг нарийвчлан заах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан зарим хугацааг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэх зохицуулалтыг тусгасан байна.


Төрийн байгуулалтын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Э.Болормаа гишүүн танилцуулсан юм. Байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийжээ. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын d.parliament.mn цахим системд байршуулсан гэв. Байнгын хорооны гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй аж. Хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзлээ.


Ингээд санал хураалтыг нэгтгэн явуулахаар Улсын Их Хурлын дарга шийдвэрлэсний дагуу санал хураалтыг эхлүүлсэн юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн 57.7 хувь нь дэмжсэн. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь санал хураалт явуулахад “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенц”-ыг соёрхон батлахыг Улсын Их Хурлын 80 гишүүн дэмжиж, Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа.


Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 50 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж, шийдвэрлэлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ажлын хэсэг нэлээн сайн ажилласан гэдгийг тэмдэглээд, зарчмын зөрүүтэй 203 холбогдох саналыг нэгтгэж, улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухайд нийцүүлж боловсруулсан болохыг тодотгож байсан.


Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал ирэх Даваа гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа учир Мягмар гарагт нэгдсэн хуралдаан товлож, холбогдох санал хураалтыг явуулах хүсэлт гарган завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу завсарлага өгөхөөр шийдвэрлэв. 


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулахаар товлосон хуулийн төсөл тус бүрээр нэг өдрийн завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авснаар өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ