Цэс

Холбоо барих

ИЦХДХ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээлэл сонсов


Улсын Их Хурлын Инновац, цахим хөгжлийн дэд хорооны өнөөдрийн /2026.06.02/ хуралдаан 13 цаг 21 минутад Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Р.Батболд, Б.Жаргалан, Л.Соронзонболд, С.Цэнгүүн нар хүрэлцэн ирснээр буюу 71.4 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр болов.

Хуралдааны эхэнд Дэд хорооны дарга Ч.Анарын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.


Ингээд хуралдаан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллээр үргэлжилсэн.

Энэ талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, салбарын сайдын багцын харьяа байгууллагуудын мэдээлэл технологийн чиглэлээрх төсөл, арга хэмжээнд 2022-2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламж төсөл хөтөлбөрийн хүрээнд 54 тэрбум төгрөг, урсгал төсөв өөрийн хөрөнгөөр 11 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц хөрөнгөөр 1.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулж холбогдох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн  гэв.



Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багц дээр төрийн цахим үйлчилгээ, хиймэл оюун, их өгөгдлийн суурь дэд бүтцийг бий болгох зургаан багц үйл ажиллагаа байгаа бөгөөд нийтдээ 16 тэрбум төгрөг, үүнээс таван төсөл амжилттай хэрэгжсэн гэв. Гадаадын зээл, тусламжийн хүрээнд, “Ухаалаг засаг-2” төсөл 40.7 сая ам.доллар, Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл буюу 22.1 сая ам.долларын  хоёр төсөл байна гэлээ. 


Мөн танилцуулгад нийтийн мэдээллийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, ерөнхий төлөвлөлтийн төсөл боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж, 2026 оны 03 дугаар сарын 11-нд Төрийн нарийн бичгийн даргаар батлуулж, тендер шалгаруулалтыг зарласан. Тендерийг 2026 оны 04 дүгээр сарын 03-нд нээж, 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/628 дугаар албан бичгээр шалгарсан оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон. Шалгарсан оролцогчтой 2026 оны 04 дүгээр сарын 24-нд гэрээ байгуулж,  хоёр удаагийн уулзалт хийсэн хэмээн дурдсан байлаа.

Түүнчлэн нийтийн мэдээллийн систем байгуулах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29.1-т мэдээлэл хариуцагч нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар зөвлөмж, дүгнэлт гаргуулахаар заасан. Энэ хүрээнд салбарын яамнгаас уг системийг ашиглалтад оруулан нийтдээ  48 зөвлөмж өгсөн гэв.


Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 60 хувьтай гарсан шалтгаан нөхцөлийг тодруулахын зэрэгцээ  төр, хувийн хэвшил мэдээллийг давхардсан хэлбэрээр дата цуглуулж байдагт ямар байр суурьтай байгааг лавласан.

Зөвлөмжийн хүрээнд системийн бүртгэл хийснээр бид хаана, ямар систем байгаа юм, давхардаж буй эсэхийг гаргах боломжтой болсон. Өмнө нь хэрэгжилт хангалтгүй байсан. Сүүлийн үед бид бүртгэл хийж чадсанаараа давхардаж, эс давхардаж байгаагаар нь ангилж чаддаг болсон. Тодруулбал, саяхан нийслэл дээр төсвийн орлогын систем хийлгэх ажил ирсэн. Бид Сангийн яамнаас тодруулга, мэдээлэл, тайлбар аваад холбогдох дүгнэлт өгсөн учраас, тухайн ажлаа тэд больсон байх жишээтэй хэмээн ажлын хэсгээс хариулж байлаа.


Харин Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд салбарын яам ажлаа хийх боломжгүй байгаа шалтгаануудаа дурдахыг хүсээд 2024 оны тогтоолыг хэрэгжүүлээгүй,  2026 онд дахиад албан даалгавар гаргасан гээд ийм байдал таван жил үргэлжиллээ. Салбарын яам мэдээллээ авч чадахгүй, бодлогоо явуулж хүчрэхгүй байх шиг. Цаашид ийм байж болохгүйг анхааруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал сүүлийн хоёр жил Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг шаардсан ч, үр дүн гарахгүй байгаа тул ирэх намрын ээлжит чуулганаар асуудлыг эхнээс нь тавьж ажиллахыг дэд хорооны даргад уламжлаад улмаар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг ярих болно гэж байлаа.


Ингээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн тул дэд хорооны хуралдааныг түр завсарлуулж, 16 цагт үргэлжлүүлэн Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хаалттай хэлэлцэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ