Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхгүй бол яамтай байх эсэх асуудлыг хөндөнө гэв


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өнөөдөр /2026.06.03/ УИХ-ын гишүүн Ч.Анар, П.Батчимэг, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, З.Мэндсайхан, Б.Мөнхсоёл, Б.Уянга, Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэбат, Б.Жаргалан хүрэлцэн ирж, 53.1 хувийн бүрдсэнээр хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төсөлСанхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний хиймэл дагуул хөөргөх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжлээ. 


Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд 65.0 сая еврогийн эх үүсвэрээр хорт хавдрын нейронавигац, стереотактик оношилгоо, эмчилгээний төв байгуулж, гэмтэл согог, эх, нярайн эндэгдэл бууруулах, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжруулах, Цэргийн төв эмнэлэг болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж,  шинэчлэх, Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз, дуу авианы тоног төхөөрөмж шинэчлэхээр төлөвлөсөн. Зээлийн эх үүсвэр нь 1 хувийн хүүтэй, 0.9 хувийн баталгааны шимтгэлтэй, 19 жилийн хугацаатай, эхний 4 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй гэж Эдийн засаг, хөгжлийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм. Өмнөх гурван хэлэлцээр амжилттай хэрэгжсэн учраас зарим төслийг үргэлжлүүлнэ гэв.

Хэлэлцээрийн ач холбогдол, үр өгөөжийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, Б.Жаргалан нар хөндөж, байр суурь илэрхийлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь төслийг дэмжиж, санал, дүгнэлтийг Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.



Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг явуулах үеэр хууль санаачлагч гишүүн Э.Болормаа уг төслийг манай улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд ихээхэн ач холбогдолтойг онцолж, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэдээлэл өгөх, тайлбарлах, нотлох, гомдол шийдвэрлэх, хариуцлагатай үйлчилгээ үзүүлэх үүрэг тодорхой болж, хэрэглэгчийн маргаан шийдвэрлүүлэх, хяналтын тогтолцоо шинэ шатанд гарна хэмээн илтгэсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, М.Мандхай, Г.Уянгахишиг, Ч.Анар нар асууж, үг хэлэв.



Хуралдаан даргалагч Б.Заяабал гишүүний хувиар, Засгийн газраас ирсэн саналд үндэслэн энэ хуулийн төсөлд УИХ-ын Тамгын газраар дүн шинжилгээ хийлгэх, хууль зүйн зөвлөмж гаргах горимын санал гаргасан ч гишүүдийн дэмжлэг авсангүй. Харин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 56.5 хувь нь дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтов.


Хуралдаан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Ц.Мөнхбат, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нарын 5 гишүүнээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцсэнээр үргэлжиллээ. Гишүүдийн нийт зургаан асуулгын хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны 05 дугаар сард ирүүлжээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн дагуу “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс"-ийг байгуулж, энэ жилээс эхлэн e-business системээр дамжуулан хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэж эхэлсэн. Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд есөн төрлийн татварын бус дэмжлэг үзүүлэхээр хуульд заасан байдаг ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль тогтоомжид “нөхөн олговор” олгохтой холбоотой харилцааг зохицуулаагүй, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.5 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлтэй зөрчилддөг, Тусгай сангийн орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй буюу зөвхөн зарцуулах эрх олгосон нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа талаар танилцуулгад дурджээ. Үүссэн хүндрэл нь сангаас өөр санд шилжүүлэх зохицуулалтгүй, Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас ажил үйлчилгээг дэмжих, сургалт зохион байгуулахаас бусад төрлийн дэмжлэг үзүүлэх боломжгүй, Шинжлэх ухаан технологийн тухай хуульд Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангаас аливаа төрлийн дэмжлэг, татаас олгохгүй бөгөөд зөвхөн эргэн төлөгдөх зээл өгөхөөр заасан нь зөрчилддөг зэргийг асуулгын хариуд өгчээ. 

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн 5-аас доошгүй хувь”-ийг жил бүр мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулахаар хуульчилсан ч уг хөрөнгийн захиран зарцуулах эрх хэнд байх, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд шилжүүлэн буюу төсөвт зохицуулалт хийж зарцуулах эрхийг нээх эсэх нь тодорхойгүй байна гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 594.0 сая төгрөг зарцуулсан бол 2026 онд 1.1 тэрбум төгрөгийг мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна. Гарааны бизнес эрхлэгч болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээн 2025 онд 7 баг шалгарч, 112 сая төгрөгийн дэмжлэг авсан. Дэвшилтэт технологийн жагсаалтыг 2026 оны 3 дугаар улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Уг жагсаалтад их өгөгдөл, хиймэл оюун, кибер аюулгүй байдлын чиглэлийн технологийг нарийвчлан тодорхойлж, дэмжих зохицуулалт тусгана гэж Засгийн газрын төлөөлөл танилцуулав. 

УИХ-ын гишүүний асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, С.Эрдэнэбат, Ж.Золжаргал нар тодруулж, байр суурь илэрхийллээ. Асуулгыг Ерөнхий сайдад тавьсан гол шалтгаан нь түүний анхаарлыг энэхүү хуулийн хэрэгжилтэд хандуулах явдал байсан, хоёр жилийн өмнө баталсан Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж чадахгүй бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цаашид байх шаардлагатай эсэх асуудлыг хөндөх болно гэсэн юм.



Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцлаа. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар илтгэж, дэд хорооноос тогтоолын төсөл боловсруулсан хэмээв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга асуулт асууж, үг хэлсэн. Үндэсний хиймэл дагуул хөөргөх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг 75 хувийн саналаар дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ