Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2026.06.08/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хорооны гишүүн О.Алтангэрэл гишүүн, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, А.Ариунзаяа, С.Бямбацогт, Т.Доржханд, Б.Найдалаа, Н.Учрал, Б.Энхбаяр, Ж.Батжаргал, А.Ганбаатар, Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, Б.Хэрлэн нар хүрэлцэн ирснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны нэр дэвшигчийн сонсгол нээснийг хуралдаан сонсгол даргалагч Б.Жавхлан танилцууллаа.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Ариунболд, Улсын Дээд шүүхээс нэр дэвшүүлсэн Д.Мөнхзориг, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Ж.Болд, Д.Давааням нартай нэр дэвшигчийн сонсголыг хийж буйг сонсгол даргалагч тэмдэглэсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Ариунболдыг нэр дэвшүүлсэн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин танилцууллаа. Нэр дэвшигч Д.Ариунболд тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцуулав.
Нэр дэвшигч Д.Ариунболд, Төрийн тусгай албанд 34 жил ажиллах хугацаанд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмрээ оруулан хуримтлуулсан туршлага, мэдлэг, ур чадвар нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад холбогдох хууль тогтоомж болон сонгуулийн хууль тогтоомжуудыг хууль дээдлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Тухайн албан тушаалд томилогдвол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заагдсан Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, сонгуультай холбогдсон үзэл баримтлалын заалтуудын хэрэгжилтийг хангуулах, хяналт, дүн шинжилгээ хийх чадавхыг сайжруулахад анхаарна гэлээ. Мөн сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд санаачилгатай ажиллаж, сонгуулийг ил тод, шударга, хууль дээдлэх зарчмыг баримтлан явуулахад нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа сонгуулийн автоматжуулсан систем, түүний тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд анхаарал тавьж ажиллана хэмээсэн. Түүнчлэн орчин үеийн технологийн дэвшлийг сонгуулийн эрх зүйн орчинтой уялдуулан нэвтрүүлэх, түүгээр дамжуулан сонгуульд бүх иргэдийн оролцоог бүрэн хангуулах зорилгоор иргэдийн сонгууль өгөх төрөл, хэлбэрийг өргөжүүлэх, сонгох, сонгогдох эрхийг хангахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллана гэдгээ илэрхийлсэн. Нэр дэвшигчийн танилцуулгатай эндээс танилцана уу.
Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ч.Ундрам, Б.Жавхлан, сонсголд оролцогч иргэн Г.Батзаяа нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Б.Жавхлан, сонсголд оролцогч иргэн Ц.Мандхайхатан нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Иргэн Г.Батзаяа Сонгуулийн үеийн цахим орчин дахь худал мэдээллийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулсан.
Нэр дэвшигч Д.Ариунболд, худал мэдээлэл мөн эсэхийг ялган салгаж ойлгох ёстой хэмээгээд, тэрхүү мэдээлэл хаанаас эхтэй гэдгийг нарийвчлан тогтоож сонгуултийн байгууллага үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй, шуурхай өгөх нь зүйтэй гэлээ. Мөн тэрбээр, худал мэдээлэл түгээсэн гэдэг нь нотлогдвол дараагийн шатны арга хэмжээг авах, иргэдэд, тэр дундаа залууст мэдээллийг шүүн тунгаан хүлээн авах мэдлэгийг олгох сонгогчдын боловсролыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллана хэмээн хариулсан.
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Мөнхзоригийг нэр дэвшүүлсэн талаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, нэр дэвшигч Д.Мөнхзориг тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцуулав.
Нэр дэвшигч Д.Мөнхзориг, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдвол сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх, залуучуудын оролцоог идэвхжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлд мэдээллийн технологийн ололтыг ашиглаж ажиллана хэмээлээ. Залуучуудын сонирхол, харилцааны онцлогт тохирсон дижитал цахим шилжилтийг сонгогчийн боловсролын хөтөлбөрт нэвтрүүлж, ухаалаг утасны аппликейшн, сошиал медиа сувгуудыг ашиглан сонгуулийн ач холбогдлыг таниулах хялбаршуулсан контентуудыг цувралаар хүргэх, их дээд сургуулиуд болон оюутны хотхон, оюутны холбоо зэрэг эрх зүйн этгээдтэй хамтран ажиллаж, залуучуудын шилжилт хөдөлгөөн, бүртгэлийн процессыг цахимжуулан хялбарчлах замаар санал өгөх боломжийг практик талаас нь судлан улсын бүртгэлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэв.
Түүнчлэн сонгогч чөлөөтэй, хүсэл зоригоороо санал өгөх нөхцөлийг бүрдүүлэх, сонгуулийн байгууллагын хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, маргааныг шуурхай шийдвэрлэх, технологийн аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэх, санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, дүн дамжуулах сүлжээний цахим аюулгүй байдлыг системийн хувьд анхаарч, шаардлагатай бол боловсронгуй болгоно хэмээсэн. Хяналтын гар тооллогыг хуулийн дагуу ил тод, эргэлзээгүй зохион байгуулах нь сонгуулийн дүнд итгэх иргэдийн итгэлийг хамгаалагддаг учир үүнд мөн анхаарч ажиллана хэмээн танилцуулсан. Нэр дэвшигчийн танилцуулгатай эндээс танилцана уу.
Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Л.Гантөмөр, иргэн Г.Батзаяа нар асуулт асууж, иргэн Ц.Мандхайхатан үг хэлсэн. Энэ үеэр залуу сонгогчдын сонгуулийн ирцийг сайжруулах, цахим сүлжээний аюулгүй байдлыг хангах, цахимаар санал авах асуудлыг хөндөн асууж, байр сууриа илэрхийлсэн.
Үргэлжлүүлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Ж.Болдыг нэр дэвшүүлсэн талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан, нэр дэвшигч Ж.Болд тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцуулав.
Нэр дэвшигч Ж.Болд Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, ил тод, шударга байх зарчмыг баримтлан ажиллана хэмээсэн. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангаж, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд үнэн зөв, шударга зохион байгуулах нь сонгуулийн төв байгууллагын үндсэн зорилт гэж үзэж байгаагаа илэрхийлээд, сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ сонгуулийн хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтийг хангах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хяналтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэлээ. Мөн сонгуулийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, иргэдэд үнэн зөв, шуурхай мэдээлэл хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, сонгуулийн зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шуурхай шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэж байлаа. Хууль дээдлэх, шударга, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллаж, Монгол Улсад ардчилсан сонгуулийн тогтолцоог бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна хэмээсэн юм. Нэр дэвшигчийн танилцуулгатай эндээс танилцана уу.
Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, оролцогч Г.Батзаяа нар асуулт асууж, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, иргэн Ц.Мандхайхатан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, сонгуулийн үеэр хамгийн их гардаг гомдол, зөрчил юу байдаг, түүнээс сэргийлэхийн тулд юуг анхаарах талаар тодруулсан.
Нэр дэвшигч Ж.Болд 2020 оны сонгуулийн үеэр цагдаагийн байгууллага 2569 гомдол мэдээлэл, 2021 онд 79 гомдол мэдээлэл, 2024 оны сонгуулийн үеэр 1217 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн гэлээ. Нийт гомдол мэдээллийн 92 хувь нь хүний улстөрийн эрхэд халдсантай холбоотой бөгөөд сонгуулийн хууль зөрчсөн, хууль бус сурталчилгаа явуулсан талаар байсныг тэмдэглээд, хуульд заасны дагуу шийдвэрлэсэн хэмээн илтгэсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Даваанямыг нэр дэвшүүлсэн талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан, нэр дэвшигч Д.Давааням тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа тухайгаа танилцуулав.
Нэр дэвшигч Д.Давааням, Сонгууль гэдэг нь зөвхөн саналын хайрцагт саналын хуудас хийх үйл ажиллагаа бус, харин иргэний өөрийн хүсэл зорилго, үнэт зүйл, эх орныхоо хөгжлийн талаарх байр сууриа төрд хүргэж буй хамгийн хариуцлагатай бөгөөд ухамсарт оролцоо гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл сонгууль бол иргэн бүрийн дуу хоолой төрийн бодлого болон хэрэгжих үндсэн гүүр бөгөөд ардчиллын амин сүнс юм. Хэрэв миний бие Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллах боломж олдвол өнөөдрийг хүртэл бий болсон сонгуулийн тогтолцооны ололт амжилтыг хадгалан хөгжүүлж, цахим хөгжил, технологийн дэвшилд суурилсан, иргэн төвтэй, ил тод, итгэл даасан сонгуулийн тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө ажиллах болно гэлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсон тохиолдолд өнөөдрийг хүртэл бий болсон ололт, шинэчлэлийг улам төгөлдөржүүлж, санал бүрийн үнэ цэнийг хамгаалсан, иргэн төвтэй, цахим хөгжилд суурилсан, ил тод бөгөөд итгэл даасан сонгуулийн тогтолцоог бэхжүүлэхийн төлөө мэдлэг, ур чадвар, хариуцлагаа зориулан ажиллах болно хэмээн танилцуулсан. Нэр дэвшигчийн танилцуулгатай эндээс танилцана уу.
Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Жавхлан, иргэн Г.Батзаяа нар асуулт асууж, иргэн Ц.Мандхайхатан үг хэлсэн.
Сонсголын үеэр сонгуулийн үеийн “царцаа”-ны асуудлыг хөндөж, өрхийн бүртгэл, иргэдийн мэдээллийг тодорхой болгохыг захьсан бөгөөд иргэн Ц.Мандхайхатан сонгуульд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хамгаалах эрх зүйн орчныг сайжруулаж ажиллахад анхаарч ажиллахыг хүссэн. Мөн иргэдийн нэрсийн жагсаалтыг тодорхой болгож сан бүрдүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх асуудлыг ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Ийнхүү дөрвөн нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсгол өндөрлөж, Байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах асуудлыг хаалттайгаар хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English