Цэс

Холбоо барих

ХЗБХ: Иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах, цэргийн албан хаагчдын амь хохирохоос урьдчилан сэргийлэх зохицуулалт бүхий төслүүдийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.06.10/ 67.9 хувийн ирцтэй хуралдлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сард С.Одонтуяа нарын 37 гишүүн өргөн мэдүүлээд байгааг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад “иргэдэд сурталчлах” гэсний дараа “цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулах” гэж нэмэх төслийг боловсруулсанаа хууль санаачлагч танилцуулсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн хэрэгжилтийн хүрээнд НҮБ-ын байгууллага, хараат бус шинжээч, ажлын хэсгүүдээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, түүнийг хараат бус, үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ач холбогдолтой гэж үзжээ.



Цэргүүдэд сургалт явуулах бус дэглэдэг нөхдөд сургалт явуулах чухал гэдгийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг онцлон тодруулсан. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, П.Сайнзориг, Дам.Цогтбаатар нар тус байгууллагаас хувь хүний өгөгдөлтэй холбоотой хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргасан асуудлыг хөндсөн юм. Хэдийгээр хараат бус, бие даасан статустай ч өргөсөн тангараг, зарчимдаа үнэнчээр ажиллахгүй бол Хууль зүйн байнгын хороо дуугүй хараад суухгүй, ХЭҮК-ын гишүүдтэй холбоотой гомдол, мэдээлэл ирсэн, УИХ-ын даргыг мэдэгдэл гаргахад хүргэж байгаа нь хүний эрхийн мэдрэмжгүйнх гэсэн байр суурийг илэрхийлцгээлээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.6 хувь нь дэмжлээ. Хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэгчээр УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийг томилсон.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүнээс өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд 12.2.5 дахь заалт буюу “ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшөөрөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээлэл.” гэж нэмж тусгана. Мэдээлэл нээлттэй болсоноор орон сууц захиалгын гэрээгээр халхавчилж, залилах гэмт хэргээс сэргийлж, иргэдийг хамгаалах эерэг үр дүн гарна. Захиалгын гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн бүх гэрээг бүртгэх буюу урьдчилсан тэмдэглэл хийж, давхар гэрээнээс иргэд хохирохоос сэргийлнэ гэж хууль санаачлагч танилцуулсан.



Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Л.Соронзонболд, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг, Дав.Цогтбаатар, Б.Баярбаатар, Б.Тулга, О.Номинчимэг нар асууж, үг хэлэв. Төслийг 54.5 хувийн саналаар дэмжлээ. Хамт өргөсөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.



Байнгын хороо энэ өдөр хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдийг байгуулж, зургаадугаар сард хэлэлцэх асуудлын цаглавраа баталлаа. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Үндсэн хуулийн цэцэд санал гаргах асуудлыг хэлэлцэж, дэмжив. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын гишүүдээс гаргасан саналын дагуу ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагч сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцээд, төслийг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ