Цэс

Холбоо барих

“Хүртээмжтэй нийгэм ба тэгш оролцоо” хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунаар ахлуулан байгуулсан юм. Тус ажлын хэсэг Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо дээрх ажлын хэсэгтэй хамтран өнөөдөр (2026.06.11) “Хүртээмжтэй нийгэм ба тэгш оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалантай хамтран боловсруулж буй хуулийн төслийг танилцуулав.

Өнөөдрийн эрх зүйн орчинд хүртээмжтэй үйлчилгээг бүхэлд нь зохицуулсан нэгдмэл хууль байхгүй, энэ асуудлыг олон салангид стандарт, дүрэм журмуудаар зохицуулж байгаагаас хяналт, хариуцлагын механизм сул гэдгийг тэрбээр танилцуулгадаа онцолж, хүн бүр төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй авч, таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хуулийн зорилго оршиж буйг тэмдэглэсэн юм. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, жирэмсэн эх, 0-3 насны хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хүн гэсэн онцлог хэрэгцээт иргэдэд төрийн бүх төрлийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, тэдний амьдрах орчин нөхцлийг саад бэрхшээлгүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахаар төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөлд, саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний үндэсний стандартыг барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжийн, авто зам, төмөр зам, агаарын зам, замын байгууламж, нийтийн тээврийн,  мэдээллийн технологи, харилцаа холбооны, үйлчилгээний гэсэн дөрвөн чиглэлээр тухайн асуудал эрхэлсэн яамд хамтран баталж, мөрдүүлэхээр зааж буй юм. Энэ нь нэгдсэн стандарттай байх зарчмыг хуульчилж буй онцлог зохицуулалт юм.

Мөн төрийн бүх шатны байгууллага жил бүрийн улсын төсөвт хүртээмжийн зардлаа тусгаж, хэрэгжүүлэхээр зохицуулж буйн зэрэгцээ хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө баригдсан барилгад үнэлгээ хийж, хүртээмжийн зардлаараа үе шаттай шинэчлэх асуудлыг төсөлд тусгасан байна. Хуулийн хэрэгжилтэд улсын байцаагч үнэлгээ хийж, эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцдог байхаар зааж байгаа ажээ.

Олон улсын стандартын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн Веб контентын хүртээмжийн удирдамж (WCAG), стандартаар хүлээн зөвшөөрсөн “дижитал хүртээмж”, “харилцааны хүртээмж”, “биет орчны мэдээллийн хүртээмж”-ийг нутагшуулж төрийн болон хувийн хэвшлийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээнд мөрдүүлэхээр төсөлд тусгасан байна. Үүнд дэлгэц уншигч, компьютерын гарын чиглүүлэгч (навигатор), дүрсний “Alt” текст формат, өнгөний ялгарал, хадмал бичвэр, хүртээмжтэй онлайн хэлбэрүүд, хүртээмжтэй PDF, Word, PowerPoint файлууд, дохионы хэл, уншихад хялбар формат, том үсэг, брайл, аудио формат, яриаг бичвэрт хөрвүүлэгч, олон хэлний сонголт, олон улсын тэмдэг тэмдэглэгээ, дуугүй хөтөч, товгор зам, сонсох боломжтой зар, хүртээмжтэй мэдээллийн ширээ, гамшгийн үеийн мэдээллийн хүртээмжтэй байдал хамаарахаар тайлбарлажээ.

Хэлэлцүүлэгт гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн болон боловсролын салбарын хүртээмжийн өнөөгийн байдал, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар Эрүүл мэндийн болон Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн Н.Эрдэнэбаяр, Т.Ням-Очир, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр нар танилцууллаа. Мөн Азийн хүний хөгжлийн төвийн Удирдах зөвлөлийн дарга Чиба Хисао хууль батлагдсанаар гарах хүлээгдэж буй үр дүн ба хуулийг хэрэгжүүлэх арга замын талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль бол зүгээр нэг халамжийн тухай хууль биш, Монголын нийгмийг бүхэлд нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хууль гэдгийг онцолж, Япон, Их Британи, Австрали улсуудын хууль, тэдгээрийг хэрэгжүүлэхэд тохиолдсон сорилт, туршлагын талаар ярив. Хууль хэчнээн сайн ч хэрэгжүүлэх тогтолцоогүй бол бодитой үр дүн гарахгүй гэдгийг тэрбээр онцолж, үндэсний хэмжээнд хуулийг хэрэгжүүлэх нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж бүх шатанд хэрэгжүүлэх, төсөв зардлын баталгааг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг нягт уялдуулж ажиллах шаардлагатайг зөвлөлөө.

Хуулийн төсөл болон илтгэл, танилцуулгуудтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, холбогдох яамд, байгууллагын албан тушаалтнуудаас хариулт авч, онцлог хэрэгцээтэй иргэдэд хүрч буй төрийн үйлчилгээний хүртээмж, саадгүй байдлын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын ажлын хэсгийн гишүүд, яамд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын албан тушаалтнуудаас гадна Монголын харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ