Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.16/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилсэн.
Ерөнхий хяналтын сонсголд тус Байнгын хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Т.Аубакир, Р.Батболд, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Х.Болормаа, Х.Булгантуяа, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Х.Ганхуяг, Н.Наранбаатар, Ч.Номин, Д.Үүрийнтуяа, Б.Чойжилсүрэн, Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар ирснээр 53.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 46 минутад эхлэв.
Сонсгол даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал өнөөдрийн сонсголоор нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүн ялангуяа Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төслийн хэрэгжилтийг нарийвчлан ярилцана гэлээ.
Энэ өдрийн сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл 63, иргэдийн төлөөлөл 43, нийт 106 хүн оролцов
Ингээд сонсголын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Tуулын хурдны замын төсөлд хийсэн аудит”-ын талаар танилцуулав. Тэрбээр аудитыг батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлэн 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор Төсвийн байнгын хороо, холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байгааг дурдсан. Мөн аудитыг хэрэгжүүлэх явцад төслийн талаар тэр дундаа техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, худалдан авах ажиллагаа, гэрээ хэлцэл, төсөвт өртөг, санхүүжилт, байгаль орчин, урьдчилгаа төлбөрийн баталгаа, ил тод байдалтай холбоотой иргэд, олон нийт, мэргэжлийн төрийн бус байгууллагаас дэвшүүлсэн асуудлыг анхаарч ажиллаж байгаа бөгөөд Үндэсний аудитын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг болон энэхүү ерөнхий сонсголын ажлын хэсэгт аудитын байгууллагын төлөөллийг оролцуулж, шаардлагатай мэдээллээр ханган хамтран ажиллаж байгааг онцлов.
Ингээд аудитын явцад гүйцэтгэсэн дүн мэдээллээс урьдчилсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулав.
Аудитад хамрагдаж буй асуудлуудаар төслийг хэрэгжүүлэгч, захиалагчийн зүгээс ил тод, үнэн зөв мэдээлэл хангалттай өгөх, иргэдийн мэдээлэл авах, мэдэх эрхийг хангаагүйн улмаас иргэд, олон нийтийн дунд ойлголтын зөрүү үүсэж буйг анхаарч төр, иргэдийн хүсэн хүлээж буй асуудалд голлон төвлөрч хуулиар зохицуулсан хараат бус, бие даасан чиг үүргийг хэрэгжүүлэн аудитын дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аудитын урьдчилсан дүн, дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд толилуулах хоёр, үйл ажиллагаа асуудалд чиглэсэн долоо, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд чиглэсэн тав, нийт 12 зөвлөмж, илэрсэн зөрчил, хариуцлагын асуудлаар дөрвөн албан шаардлага, хууль хяналтын байгууллагыг мэдээллээр хангаж, хамтран ажиллах дөрвөн асуудлыг төлөвлөөд байгаа бөгөөд аудитын тайлангийн төслийг шалгагдагч болон хамрагдагч байгууллагуудад хүргүүлж, ирүүлсэн тайлбартай танилцаж аудитын дүн, дүгнэлтийг эцэслэн баталгаажуулах ажлыг хийж байна гэлээ. Түүнчлэн аудитын цахим сайтаар дамжуулан иргэд, олон нийтийг тайлантай танилцах боломжоор хангахаар төлөвлөж байна гэв.
Дараа нь Зам, тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа “Зам, тээврийн яамны бодлого ба Нийслэлийн зам тээврийн мега төслүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо (Туулын хурдны зам, Метро, Дүүжин тээвэр, Тойрог 1, 2-р зам, Трам, Тусгай замын автобус зэрэг) сэдвээр мэдээлэл хийлээ.
Тус яам холбогдох салбарын болон яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэн зөвлөмж гарган ажиллаж байгааг дурдав. Тухайлбал, Туулын хурдны замын төсөлд Авто замын салбарын шинжлэх ухаан технологийн дэд зөвлөлөөс зөвлөмж гаргаж, хүргүүлсэн гээд дээрх зөвлөмжүүдийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад нарийвчилсан зураг төсөлд тусгаж байна гэсэн хариуг ирүүлсэн гэв.
Дараа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Туулын хурдны замын төслийн хэрэгжилтийн явцад гарсан зөрчлүүд, авсан арга хэмжээ”-ний талаар танилцуулсан. Тэрбээр Туулын хурдны замын төслийн хүрээнд илэрсэн зөрчлүүдийн талаар нэг бүрчлэн дэлгэрэнгүй танилцуулав.
Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухайд Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг "Мон газар экологи" ХХК 2025 онд хийж гүйцэтгэсэн гэдгийг Ц.Сандаг-Очир сайд дурдаад салбарын яамны Мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28, 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, нэмэлт, өөрчлөлт засвар хийж баталсан гэж байлаа. Энэ хүрээнд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг албажуулсан байна.
Харин байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө /БОМТ/-г салбарын яамнаас батлаагүй байхад "Хао юань женерал констракшн ГХО" компани төслийн үйл ажиллага эхлүүлсэн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаа тушаалаар баталсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын 3.1-д дэх заалтыг зөрчсөн тул сайдын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар "Туулын хурдны зам төсөл"- ийн үйл ажиллагааг түр зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуулахыг төсөл хэрэгжүүлэгчид үүрэг болгож шийдвэрлэсэн гэж байлаа.
Мөн “Хаоюань Женерал Констракшн” ХХК нь Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй, усыг зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх зөрчилд Нийслэлийн прокурорын газар 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БО 01/26-18 дугаартай гомдол, мэдээлэл, 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БО 01/26-27, БО 01/26-28 дугаартай гомдол, мэдээллийг тус тус бүртгэсний дагуу тус яамны Байгаль орчны улсын хяналтын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын 2602000269 дугаартай зөрчлийн хэрэг нээн хуульд заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Түүнчлэн тус компани мод тайрах, зөөвөрлөн тээвэрлэх туслан гүйцэтгэх гэрээг "Дорно улзын мандал" ХХК-тай байгуулсан боловч байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан зөвлөмжийн дагуу өсвөр залуу модыг шилжүүлэн суулгахгүйгээр тайрч огтолсон нь нийт 7,2 га талбайн дунд насны улиас, бургасан ойг сүйтгэсэн байна. Туслан гүйцэтгэгч "Дорно улзын мандал" ХХК-ийн гаргасан зөрчилд Нийслэлийн прокурорын газар 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БО 01-26/27 дугаар зөрчлийн гомдол мэдээлэл бүртгэсний дагуу тус яамны Байгаль орчны улсын хяналтын газраас 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2602000295 дугаар зөрчлийн хэрэг үүсгэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь заалтад зааснаар 500 нэгж торгууль, хохирол нөхөн төлбөрт 352,233,185 төгрөгийн шийтгэлийг оногдуулсан гэдгийг онцолж байлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Туул хурдны замын төслийн хүрээнд хийсэн худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт”-ийг танилцуулсан.
Тэрбээр Худалдан авах ажиллагаанд хийсэн шалгалтыг гэрээ байгуулах эрх олгосон түншлэл тендер шалгаруулалтын шаардлага шалгуурт нийцсэн эсэх, түншлэлийг төлөөлж гэрээний хэрэгжилтийг хангах нэг гишүүнийг томилсон эсэх, тендерт эрх олгосон түншлэлийн тусгай зөвшөөрөл хуулийн шаардлагад нийцсэн эсэх, тендер шалгалтын шаардлага болох татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн лавлагаа, тендерт оролцогч хуулийн этгээдийн санхүүгийн баталгаа чадамж, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, ур чадвар гэсэн зургаан чиглэлээр хийсэн гэв.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Туулын ордны замын ажил гүйцэтгэхийн тендер шалгаруулалтад дөрвөн компани оролцсоноос захиалагчаас “China Hyway Group Limited” болон “Tianjin Oubaiwei” компанийн түншлэлд 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03/2052 тоот шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгожээ. “China Hyway Group” болон “Tianjin Oubaiwei” ХХК-ийн түншлэл нь тендерийн цахим систем (tender.gov.mn)-ээр компанийн худалдааны менежер Д.Золбоо 2025 оны 06 дугаар сарын 27-ны 01:19:33 цагт цахим тоон гарын үсгээр баталгаажуулж илгээсэн байна. Д.Золбоо нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болохыг нотолсон, захирал Liu Daiwen-ээс олгосон итгэмжлэлийг ирүүлээгүй байгаа нь холбогдох хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэх дүгнэлтийг хийсэн гэв.
Мөн “China Hyway Group” болон “Tianjin Oubaiwei” компани 2025 оны 06 дугаар сарын 09-ний HYWAY-2025-005 дугаартай “Консерциумын гэрээ”-ний дагуу түншлэлээр оролцсон боловч уг гэрээнд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч, хуулийн этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилоогүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.2- дахь заалтыг зөрчсөн байна гэлээ.
Тендерт эрх олгосон түншлэлийн тусгай зөвшөөрөл хуулийн шаардлагад нийцсэн эсэхийн талаар доорх мэдээллээс харна уу.
Татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн лавлагааны тухайд “China Hyway Group” хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолтыг өөрөө гаргаж ирүүлсэн байна. Citibank N.A HongKong банкны и-мэйл ирүүлсэн боловч “зээлийн мэдээллийн сан”-гийн тодорхойлолттой адилтгах баримт бичиг ирүүлээгүй байгааг Б.Энхбаяр сайд хэллээ.
Дараа нь сонсголын шинжээч С.Бат-Эрдэнэ, Э.Батболд, Д.Энхбаяр нар “Туулын хурдны замын төслийн төсвийн зарцуулалт, холбогдох баримт бичигт хийсэн дүгнэлт”-ийг танилцуулсан.
Шинжээчид энэ үеэр зураг төсөл, төсөвт өртгийг мэргэжлийн байгууллагаас батлуулаагүй байхад Нийслэлийн Засаг даргын 2025 оны 77 дугаар захирамжаар Туулын хурдны замын хөрөнгө оруулалтыг 1.9 их наяд төгрөгөөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын эрх шилжүүлсэн байна. Техникийн шийдлийг анхнаасаа тогтоогоогүй төсөвт тусгасан нь төсвийн төлөвлөлтийг алдаатай төлөвлөсөн гэж үзэж байна гэсэн юм.
Туулын хурдны зам төсөлд оруулсан өөрчлөлтийн талаар доорх зурагнаас харна уу.
Шинжээчдийн дүгнэлтэд төлөвлөлтийн үе шатанд “Туулын хурдны зам”-ын авто зам, гүүрэн байгууламжийн инженерийн үндсэн шийдэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон төсөвт өртгийн магадлалын дүгнэлт эцэслэн баталгаажаагүйгээс төслийн хэрэгжилтийн явцад техникийн шийдэл давтан өөрчлөгдөж, төсөвт өртгийг нэмэгдүүлсэн байна гэжээ.
Мөн гүйцэтгэгч компаниас ирүүлсэн урьдчилгаа төлбөрийн баталгаа нь холбогдох хууль, журамд заасан баталгааны хэлбэрээр ирүүлсэн боловч баталгаа гаргагч этгээдийн эрх зүйн байдал, санхүүгийн чадавх, баталгааны хүчин төгөлдөр байдал болон баталгааны үүргийг хэрэгжүүлэх боломжийг нотлох баримт хангалтгүй байна. Төслийн шинэчилсэн зураг төслийн дагуу замын трассын нөлөөлөлд өртсөн нийт нэгж талбарын 48.2 хувьтай газар чөлөөлөх асуудлаар зөвшилцөлд хүрээгүй байгаа нь бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөх, шүүхийн маргаан үүсэх, хугацаа сунжрах, төсөвт өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна гэж дүгнэжээ.
Түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хуульд заасан хугацаанд боловсруулж, мэргэжлийн эрх бүхий байгууллагаар батлуулаагүй нь төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах, санхүүжилтийг төлөвлөх болон худалдан авах ажиллагааг эхлүүлэхээс өмнө байгаль орчны үнэлгээг баталгаажуулах шаардлага хангагдаагүй байна хэмээн дурдсан байлаа.
Сонсголд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон нийслэлийн бүтээн байгуулалтын бодлогын уялдаа холбоо, төслүүдийн хэрэгжилтийг сайжруулах санал, дүгнэлт”-ийн талаар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжлүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсныг дурдаад уг төлөвлөгөөнд нийслэлийн 16 төсөл арга хэмжээг тусгасан тул нэгдсэн байдлаар улсын хэмжээнд хэрэгжих учиртай гэлээ. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйл буюу аймаг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн 8.1.6 дахь заалтад нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатын төсөл, хөтөлбөр төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах гэж заасныг дурдаад цаашид үүнд анхаарах шаардлагатай гэж байв. Улмаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж нэгдсэн бодлогоор Хот байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах шаардлагатай гэж үзэж байна гэв.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа үргэлжлүүлэн “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл батлагдсан үйл явцын талаарх” танилцуулгыг хийлээ.
Ерөнхий мэдээллийг доорх зурагнаас харна уу.
Уг илтгэлийн дүгнэлтэд, Нийслэлээс иргэдэд бэлэн мөнгө төлж газар чөлөөлсөн нь өнөөдөр чөлөөлтөд хамрагдагсад хаана амьдарч байгаа, газраа зарсан мөнгөө юунд зарцуулсан мэдээлэл тодорхойгүй байна. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд гэр хорооллын газрыг орон сууцаар солих, газрыг худалдах, худалдан авах хэлбэрээр дахин төлөвлөж барилгажуулна гэж заасныг дурдсан байв. Төрөөс орон сууц захиалан барьж зах зээлд борлуулах нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх асуудал болох тул төрөөс газар, дэд бүтцийг бэлтгэж өгөөд хувийн хэвшлийг өөрсдийн хөрөнгөөр оролцуулах нь илүү оновчтой хэмээн дүгнэсэн байлаа.
Эцэст нь сонсголын шинжээч З.Туяа, Э.Батболд, Д.Энхбаяр нараас “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн нийт хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, Сэлбэ хорин минутын хот төслийн төсвийн гүйцэтгэл, холбогдох баримт бичигт хийсэн дүгнэлт”-ийг танилцуулсан.
Шинжээчдийн дүгнэлтэд 2023 оны 12 сард Улсын Их Хурлаар баталсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль нь гэр хорооллыг зөвхөн дахин төлөвлөх хувилбараар орон сууцжуулж, хөгжүүлэх бодлого барьсан бөгөөд 4.1.4.м “гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч” гэж гэр хорооллыг орон сууцжуулах нийслэлийн өмчит хуулийн этгээдийг гэж зааж Засгийн газраас баталгаа гаргуулж төсөл хэрэгжүүлж байгаа нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж болон иргэдийн нөхөрлөлийг тэнцвэргүй нөхцөлд өрсөлдөх байдалд хүргэж байна гэсэн байв.
Мөн Сэлбэ 20 минут төсөл нь Улсын Их Хурлаар баталсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан нягтралыг өөрчилсөн явдал нь олон зөрчилтэй шийдвэрүүдийн нэг нь юм. Хотын нутаг дэвсгэрийн газар ашиглалтыг уян хатан зохицуулах эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэхийг Улаанбаатар хотын 2030 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан ч одоог хүртэл арга хэмжээ аваагүйн үр дагавар гарсаар байна гэсэн байлаа.
Түүнчлэн төслийн ТЭЗҮ дутуу дулимаг боловсруулан хэлэлцэн батлаж байгаа нь төслийг удаашруулж, төсвийг нэмэгдүүлэх нөхцөл үүсгэж байна. Төсвийн зардлаар бэлтгэгдэж байгаа төслүүдийн арга хэмжээ, санхүүгийн зарцуулалтыг хуримтлуулж бүртгэж байх тогтолцоог бүрдүүлэн төрийн санах ойг сайжруулах шаардлагатай байна гэх зэргээр 10 чиглэлд дүгнэлт гаргасан байсан.
Ийнхүү сонсголд оролцогчдоос 24 хүн санал, тайлбар, үг хэлэв. Оролцогчид нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийн талаар ерөнхий хяналтын сонсгол явуулж иргэдийн мэдэх эрхийг хангаж буйд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ нийслэлээс 16 төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга, холбогдох яамны сайд нарыг сонсголд оролцуулаагүй шалтгаан, цаашлаад эдгээр төслүүдээс хоёрхон арга хэмжээг сонгон авч хэлэлцүүлснийг тодруулав. Мөн цаашдаа төсөл бүрээр ингэж дэлгэрэнгүй сонсгол явуулах нь зүйтэй гэдгийг дурдаад хэрэгжүүлж буй төслийн талаар санал, шүүмжлэл хэлсэн иргэд рүү нийслэлийн удирдлагаас дайрч, шүүхэд гомдол гаргадаг явдалд бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн нийслэлээс хэрэгжүүлсэн олон их наяд төгрөгөөр хэмжигдэх төсөвтэй төсвийн хөрөнгө оруулалтын зарлагуудын хэрэгжилт хангалтгүй байгааг онцлоод энэ бүхэн Монгол Улсын төсвийн нэгдмэл бодлого, үр ашигтай байдал, нийтлэг эрх ашгийн төлөө зарцуулах ёстой гэж байв.
Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцуулсан саналдаа орон нутаг бие даасан байх нь зөв боловч цаашдаа Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцсэн төсвийн хязгаарт тааруулсан бодлогыг явуулах ёстойг дурдаад сүүлийн үед энэ байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулсан.
Мөн оролцогч Л.Ану-Үжин Улаанбаатар хотын зам тээврийн 7 төслийг хооронд нь хянаж харьцуулсан дүгнэлт хийснээ дурдаад нийслэл хотын 1.5 сая хүнд зориулсан төслүүд нь хоорондоо нэгдсэн судалгаа, төлөвлөлт, тооцоолол байхгүй байгааг онцлов. Ялангуяа нийслэлийн 2 дугаар тойрог замын төсөл санхүүгийн хувьд өндөр алдагдалтай, эдийн засгийн хувьд хэт өсгөсөн тооцоололтой байсан гэв.
Түүнчлэн Барилгачдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Өлзийбат тус холбоо жилийн өмнө 54 хоног 600 аж ахуйн нэгжийн 100 гаруй төлөөлөлтэй нэгдэн тэмцэж, 300 гаруй албан бичгийг төрийн бүх шатны байгууллагуудад явуулсны хүчинд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад дотоодын аж ахуйн нэгжийг оруулахаар болсон гэлээ. Үүний үр дүнд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад 700 гаруй тэрбум төгрөгийн дөрвөн аж ахуйн нэгж 150 туслан гүйцэтгэгчтэй 2000 гаруй ажилчдын 70 хувь нь монголчууд болсон. Төр бүтээн байгуулалтын ажилд гадаадын хөрөнгө оруулалт гэхээсээ дотоодын аж ахуйн нэгж, монгол барилгачдад итгэдэг байх хэрэгтэй гэж байлаа.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.5,126.1.6-д заасны дагуу төрийн байгууллага, шинжээч, сонсголд оролцогчоос хийсэн мэдээлэл, дүгнэлт, саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар, П.Сайнзориг, Ц.Баатархүү, Н.Наранбаатар, Ж.Баярмаа, Н.Алтаншагай, Б.Жаргалан, О.Батнайрамдал, Х.Булгантуяа нар асуулт асууж, хариулт авлаа.
Гишүүд Туулын хурдны замын төсөвт өртгийг 1,964.8 тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэнтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга, Зам, тээврийн яамны сайдын хамтарсан тушаалд төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргасан талаар, Сэлбэ дэд төвийн өртөг өндөр байгаад Барилга хөгжлийн төв хяналт тавьсан эсэх, Туулын хурдны авто замын урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийн зарцуулалтад монголын тал хяналт тавьсан эсэх, буцааж авах боломжийн талаар, 2023 онд нийслэлээс хэрэгжүүлж эхэлсэн 22.3 тэрбум төгрөгийн өртөгтэй RFID буюу радио давтамжийг ашиглах систем үр дүнгүй болсон шалтгаан нөхцөлийг, нийслэлээс 80 гаруй аж ахуйн нэгжийг байгуулсан талаар тодруулж, хариулт авсан.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, П.Сайнзориг нар санал хэлсэн. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл эл сонсгол иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн, үүнд ямар нэгэн улстөржилт байхгүйг онцлон тэмдэглэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сонсголын ил тод байдлыг хангах үүднээс салбарын яамдаас бэлтгэсэн мэдээлэл оновчтой байгаагүй тул цаашид мэдээллийн чанар, бодит байдал болон шинжээчийг томилж, сонгох асуудалд Байнгын хороо анхаарах шаардлагатай байна гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нутгийн өөрөө удирдах байгууллыг сайжруулна гэдэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн чадварыг сайжруулах ёстойг дурдаад цаашдаа хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн орчныг шинэчлэх нь чухал гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал шинжээчдэд дата мэдээлэл дээр ажиллах хангалттай хугацаа өгсөн бол дүгнэлтүүд нь илүү сайн болох байлаа гээд хойшид ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахдаа үүнд анхаарах нь зүйтэй гэсэн саналтай байлаа.
Эцэст нь сонсголыг хааж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал үг хэлсэн. Тэрбээр Төсвийн байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаар тогтоолоор ерөнхий хяналтын сонсголыг хоёр өдөр зохион байгуулсныг дурдаад сонсголд нийт 182 хүн оролцсон гэв. Ажлын хэсгээс сонсголын дүн, шинжээчдийн дүгнэлт болон оролцогчдын гаргасан саналд үндэслэн тайлан, санал, дүгнэлт боловсруулан Төсвийн байнгын хороонд танилцуулах цаашлаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тогтоолын төслийг боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа сонсгол даргалагч энэ үеэр мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэв.
Мон
English