Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.06.16) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг Монгол Улсад дахин айлчилж байгаад баяртай байна гээд манай улсад тавтай зочлохыг хүсэв. Монгол Улс болон ДЭМБ-ын олон жилийн хамтын ажиллагаа эрүүл мэндийн бодлого, халдварт болон халдварт бус өвчний хяналт, анхан шатны тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэхэд бодит үр нөлөө үзүүлснийг тэмдэглэн, талархал илэрхийлсэн юм.


Улсын Их Хурал 2024 онд эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нээлттэй сонсгол явуулж, үр дүнд нь ДЭМБ-ын туслалцаатайгаар Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийсэнд сэтгэл хангалуун байна гэлээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукала, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. 

Уулзалтын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл, бодлогын орчныг боловсронгуй болгох асуудлыг талууд хөндөж, эрүүл мэндийн салбарын тогтвортой санхүүжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулж, санхүүжилтийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд чиглэсэн бодлогыг дэмжих талаар санал солилцов. Монгол Улс Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон салбарын бусад эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, шинэчлэлийн хүрээнд олон улсын сайн туршлага, техникийн зөвлөмжийг үргэлжлүүлэн ашиглах сонирхолтой байгаагаа С.Бямбацогт дарга илэрхийллээ.


Дэлхий дахинаа нүүрлээд буй уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, халдварт өвчний тархалт зэрэг нь эрүүл мэндийн салбарт олон талт нөлөө үзүүлж, сорилт болж байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, эдгээр асуудлыг бүс нутгийн түвшинд хамтран хэлэлцэх, шийдвэрлэх шаардлага нэмэгдэж байгааг онцолсон.

Энэ хүрээнд Монгол Улс Азийн орнуудын парламентын хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн уялдаа холбооны асуудлаар олон улсын түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах санаачилга дэвшүүлж буйг танилцуулаад, ДЭМБ-ын зүгээс бодлого, судалгаа, техникийн зөвлөмжөөр дэмжин ажиллах боломжийн талаар санал солилцов.


Түүнчлэн 2026 онд Камбожийн Хаант Улсад болох Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх IX чуулганд Монгол Улсын парламентын төлөөллийг оролцуулахын ач холбогдлыг талууд онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийтээрээ өвдөхгүй байх чиглэлд алсын хараагаа тодорхойлж, эрүүл мэндийн салбарын чухал хууль тогтоомжийг хэлэлцэж буйг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукала онцоллоо. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон ахиц дэвшил гарсныг тэрбээр дурдаад, ДЭМБ-ын зүгээс бодит байдалд нийцсэн, хэрэгжихүйц хууль тогтоомж батлахад шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг тэрбээр уулзалтын үеэр дурдав.


Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбараар хязгаарлахгүйгээр хүний хөгжил, тогтвортой хөгжил, нийгмийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа талууд илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ