Цэс

Холбоо барих

Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг 6 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл (бүртгүүлэх) хүлээн авна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр нар өнөөдөр (2026.06.17) энэ сарын 23, 24-ний өдрүүдэд болох “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын талаар мэдээлэл хийлээ. 


Малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх зорилт бүхий Малчны тухай хуулийг Улсын Их Хурал 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан. Улсын Их Хурлын гишүүдийг орон нутагт ажиллах үеэр малчдаас дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотой санал олон гарч, төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд анхаарал хандуулахыг хүсэж байсныг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэвлэлийн бага хурлын эхэнд тэмдэглэлээ. Үүнд үндэслэн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэсэн хэмээв.

Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, ерөнхий хяналтын сонсголын үеэр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн асуултуудыг асууж, холбогдох албан тушаалтнаас дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг авна гэдгийг тодотгож байв. Ирэх Мягмар, Лхагва гарагт болох тус ерөнхий хяналтын сонсголд Боловсролын, Эрүүл мэндийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Монголбанк тэргүүтэй холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой мэдээллүүд танилцуулна гэдгийг хэлсэн. Малчны хүүхдийг сургуульд сургах, малчны мэдлэгийг дээшлүүлэх, хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд цахим шилжилт нэвтрүүлэх, бүтээмжийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх зохицуулалт болон Малчны хөгжлийн сангийн асуудал, эдгээрийн санхүүжилтийн талаар ерөнхий хяналтын сонсголын үеэр хэлэлцэж, холбогдох албан тушаалтан, байгууллагуудын тайлан, илтгэлийг сонсож, холбогдох лавлагаа, мэдээллийг нээлттэй авах боломжтой гэдгийг тэрбээр онцолсон.


Малчны тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа хэдий ч хуулийг дагалдан батлагдах ёстой 11 журмын ердөө хоёр нь л батлагдаад байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тухайлбал, нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн асуудал холбогдох журам батлагдаагүйгээс хэрэгжих хугацаатай холбоотой маргаан үүсээд байгаа аж. Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд болох ерөнхий хяналтын сонсголоор дээрх тэргүүтэй олон асуудлыг нээлттэй ярилцах болно гэдгийг тэрбээр мэдээллээ. Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах зохицуулалтыг хуульчилсан. Үүнд малын эмч, эм зүйч гэх зэрэг мал аж ахуйн чиглэлээрх бусад мэргэжлийг оруулаагүйгээс өнгөрсөн хичээлийн жилээс эхэлсэн энэхүү зохицуулалтын хүрээнд ердөө 50 оюутан суралцаж байгаа аж. Ерөнхий хяналтын сонсголоор хуулийн дээрх зохицуулалтын талаарх нөхцөл байдал, шаардлагын талаар сонсож, өргөжүүлэх шаардлага, хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх болно гэдгийг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ.

Малчны тухай хуулийн “… малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх” зохицуулалтын хүрээнд ердөө хоёр малчин ипотекийн зээлд хамрагдсан гэдэг баримтыг дурдсан. Энэ мэт малчдыг дэмжих, боломж олгох 7-8 төрлийн арга хэмжээний хэрэгжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг хангах гарц шийдлийн талаар нээлттэй ярилцах сонсгол болно гэлээ.


Иймд ирэх Мягмар, Лхагва гарагт Төрийн ордонд болох ерөнхий хяналтын сонсголд малчид биечлэн оролцох, эсвэл асуулт, саналаа цахимаар, шуудангаар ирүүлэх боломж нээлттэй байгааг хэвлэлийн бага хурлын үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүн мэдээллээ.

Малчны тухай хуулийг Улсын Их Хурал баталснаар малчдаа дэмжихээр олон бодлого, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуульчилсан хэдий ч хэрэгжилт хангалтгүй байгаа учраас ийнхүү ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байгааг тодотгож байлаа. Уламжлалт нүүдлийн өвийг тээж, аж төрж буй малчдаа хүндэтгэж, онцгойлон анхаарч, төрөөс бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзэж хууль баталсан байтал холбогдох журмыг боловсруулах, батлах үүрэг бүхий хэн нэгэн албан тушаалтны эс үйлдэхгүйгээс үүдэн хууль хэрэгжихгүй байгаа гэв. Албан тушаалтнууд журмын харилцаагаар хуулийн хэрэгжилтийг хязгаарладаг, зогсоодог явдлыг Монгол Улсын хэмжээнд бүрэн халах зарчим дээр гишүүд нэгдэж буйг хэлж байв.

Тиймээс Улсын Их Хурлаас зохион байгуулж буй энэхүү ерөнхий хяналтын сонсголд малчдыг идэвхтэй оролцохыг уриаллаа. Тэрбээр “Төрийн ямар байгууллагын, хэн гэдэг албан тушаалтнууд нийт малчдын эрх ашгийг үл ойшоож, Малчны тухай хуулийг хэрэгжих боломжгүй нөхцөл үүсгээд, эсэргүүцэж байгааг ерөнхий хяналтын сонсголоор малчид маань мэдэж аваасай гэж бодож байна” гэв. Түүнчлэн хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурал, гишүүд хяналт тавьдаг, хуулиар хүлээсэн ажил, үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцдог, төрийн ажил олон нийтэд ил тод, нээлттэй болсон, парламент шинэ системд шилжсэн гэдгийг харуулах давхар зорилго агуулж байгааг дурдсан. 

Орон нутагт ажиллаж байхад малчид, тэнд ажиллаж, амьдарч буй иргэдээс “Сайн хууль батлагдсан ч хэрэгжилт нь хангагдахгүй байна” хэмээн Малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар олон санал, хүсэлт ирдэг болохыг Г.Ганбаатар гишүүн хэллээ. Мал аж ахуйн салбар, малчин өрхийн аж амьдралд төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх олон зохицуулалт тусгасан хуулийн хэрэгжилтийг хянан шалгах нь чухал хэмээн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд шийдвэрлэж, ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 23, 24-нд зохион байгуулж байгааг дурдлаа. Сонсголд иргэд, тэр дундаа малчид идэвхтэй оролцож, биечлэн оролцоогүй нь асуулт, саналаа цахимаар ирүүлэх боломжтой гэдгийг мэдээлсэн. Нөгөө талд хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй төрийн байгууллага, холбогдох албан тушаалтнууд хоёр өдөр үргэлжлэх сонсголын үеэр тодорхой хариулт, мэдээлэл, тайлбарыг өгөх болно гэв.


Орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд уг хуулийн талаарх асуулт, санал маш олон ирдэг гэдгийг Л.Мөнхбаясгалан гишүүн хэлээд “Малчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, малаа маллаж тайван амьдрах нөхцөлийг дэмжих, залуу малчдыг бэлтгэх зэрэг олон асуудлыг төрөөс бодлогоор дэмжихээр хуулийг баталсан. Малын хөлийн татвар гэхэд л сумын Засаг дарга нь тогтоодог учир харилцан адилгүй, зарим суманд огт татваргүй байх жишээтэй. Малчны хүүхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр сурах гэхээр малын эмч болох боломжгүй байна. Байгалийн гамшигт өртөж нас барсан малчны ар гэрт төрөөс дэмжлэг үзүүлж, нөхөн олговор олгох зохицуулалт огт хэрэгжээгүй. Малчдад зориулсан нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй гэсэн хоёр төрлийн зээлд сураар эмээл, хазаар хийж байгаа өрхийн үйлдвэрлэл хамрагдах юм уу гэдгийг малчид лавлаж байна. Хөв цөөрөм байгуулах юм бол нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой гэдгийг малчид мэдэхгүй байна. Тэгэхээр ерөнхий сонсгол малчдад маш чухал мэдээлэл болно” хэмээсэн. Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл, асуулт, саналыг маргаашийн 17.00 цаг хүртэл хүлээн авах тул малчид, иргэд идэвхтэй оролцохыг хүсэв.


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2026 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ