Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.06.17)-ийн хуралдаан 16.00 цагт Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Б.Бейсен, Ж.Галбадрах, П.Ганзориг, Д.Ганмаа, М.Ганхүлэг, С.Зулпхар, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, М.Сарнай Ж.Чинбүрэн, Л.Энхнасан нарын буюу 53.3 хувийн ирцтэй эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд байсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн гаргасан горимын саналын дагуу дарааллын төгсгөлд оруулж, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн үйл ажиллагааны тайлан гэсэн таван асуудлыг хэлэлцсэн юм.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төслийг дэмжлээ
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүн санаачилж, энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Хуулийн төслийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, нөөцийн зохицуулалт, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тусламж, үйлчилгээг хүн төвтэй нэгдмэл, тасралтгүй болгох, эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгох, засаглал, хариуцлага, ил тод байдлыг хангах үзэл баримтлалаар боловсруулсан байна. Түүнчлэн эмнэлгийн анхан болон хоёр, гуравдагч шатлал бүрийн чиг үүргийг тодорхой тусгаж, уялдаа холбоог нягтруулах, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, О.Батнайрамдал, Т.Мөнхсайхан, О.Саранчулуун нар асуулт асууж, хуулийн төслийн ач холбогдол, шинэлэг зохицуулалт, тогтолцооны өөрчлөлтийн талаарх асуудлыг хөндөн, тодорхой хариулт авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, чанар, тусгай зөвшөөрөл, хүний нөөц, дэд бүтцийн төлөвлөлт, өөрчлөлтын цар хүрээ, байгууллагуудын чиг үүргийн ялгаа, магадлан итгэмжлэл, санхүүжилтийн тогтолцооны тухай болон салбарын оролцогчдын санал, тэдгээрийг тусгасан байдал, хууль санаачлагчдын судалгаа, олон улсын чиг хандлагын талаар асууж, тодруулж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлэв.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өнгөрөгч долоо хоногт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа.
Хуулийн төсөлд ажил олгогчдын шимтгэлийн дарамтыг бууруулах, гарааны бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх, даатгуулагчдын ажиллах сонирхлыг дэмжиж тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд 4.0 хувийн нэмэгдлийг тооцох, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоо бий болгох замаар нийгмийн даатгалын сангийн зарлагыг бууруулах, сайн дурын хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөл бүрдүүлэх, урамшуулах, хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхэлж буй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан нөхцөл олгох, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудыг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад нөхөн төлөх боломж олгох зэрэг зохицуулалт тусгасан байна.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар баталгаат тэтгэвэр, ядууралд өртөхөөс хамгаалах, төрөөс шимтгэл даах бодлогууд, олон давхаргат тогтолцоо, оюутны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, тэдний ажилласан жилийн тооцоолол, тэтгэвэр тогтоолгох нөхцөл, малчны тэтгэвэр, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын сангийн санхүүжилтийн тогтолцоо, алдагдлын менежмент, нэрийн данс, тэтгэвэр тооцох аргачлал, зөрүүг арилгах эсэх, төрийн тусгай албан хаагчид хар залуугаараа тэтгэвэрт гардаг явдлыг хэрхэн залруулах зэрэг олон асуудлыг хөндөж асуулт асуусан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа хийсвэр буюу хоосон бичилттэй нэрийн дансны тогтолцоог халж, баталгаат тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байгааг тодорхой танилцуулав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, А.Ариунзаяа, О.Саранчулуун, О.Батнайрамдал, Ц.Мөнхтуяа, С.Зулпхар, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар үг хэлж, Засгийн газраас улс төрийн зоригтой шийдэл гаргаж, бодлогын, даацтай реформ төлөвлөж оруулж ирсэнд талархал илэрхийлээд, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж байгааг сайшаасан юм. Үндэсний баялгийн санг тэтгэврийн хуримтлалын бодлоготой уялдуулах, шимтгэлийн 2.0 хувийг тэтгэврийн мөнгөн хуримтлалд мөнгөжүүлж хуримлуулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихдээ уян хатан зохицуулах, тэтгэврийн насыг зөв тогтоох, ахмад настнууд, нийгмийн даатгалд даатгуулагчдын санал, шаардлагыг харгалзах нь зүйтэй гэдгийг анхаарууллаа.
Хуулийн төслүүдийг үзэл баримтлалыг хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
А.Ариунзаяа нарын гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тогтлоо
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хууль санаачлагчийн илтгэлдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй давхардаагүй гэдгийг танилцуулж, хэлэлцэх эсэхийг дэмжсэн тохиолдолд төслүүдийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтойг дурдсан юм. Хуулийн төсөлд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын зохицуулалтыг тусгасан бөгөөд цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан ахмад настнууд хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажил эрхлэх, хөлсөөр ажиллах тохиолдолд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болох зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төслийн талаар болон хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцлээ
Байнгын хорооны хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир НДҮЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав.
Тус зөвлөл 2025 онд нийгмийн даатгалын шинэчлэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл, хууль тогтоомжийг шинэчлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр зохих арга хэмжээг авч ажилласан байна. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн олон давхар тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагчдыг олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих харилцааг зохицуулах “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Нийгмийн даатгалын санд 2025 онд 5.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 720 гаруй мянган иргэнд 5.8 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг олгожээ. Жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалын мэдээллийн санд 63.8 мянган ажил олгогч, 1.2 сая албан журмын даатгуулагч, 170 мянган сайн дурын даатгуулагч бүртгэлтэй байна.
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 505.6 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлсний үр дүнд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 572 мянган төгрөг болж, дундаж тэтгэвэр 870.9 мянган төгрөгт хүрчээ. Энэхүү нэмэгдэлд 310.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 0-3 насны хүүхдээ асарч буй 16.9 мянган эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй 3.9 мянган эцэг, эх, түүнчлэн 55.2 мянган малчны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсөв болон тэтгэмжийн даатгалын сангаас хариуцан төлж, нийгмийн даатгалд хамруулсан байна. Өндөр насны тэтгэвэр авч байгаа 3.6 мянган иргэн нийгмийн даатгалын тусгай зохицуулалтад хамрагдаж, тэтгэврээ 20 хувиар нэмэгдүүлсэн бол нас барсан даатгуулагчийн ар гэрт олгох болон донор болж эд, эс, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3.0 сая төгрөгөөс 4.5 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 700 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламжийн хэлбэрээр системийн нөлөө бүхий дөрвөн арилжааны банкинд жилийн 15 хувийн хүүтэй байршуулж, 70.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олсон байна. Мөн Засгийн газрын үнэт цааснаас 27.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ.
Цаашид хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, даатгуулагчийг хуримтлалтай болгох, хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд ашиглах боломжийг бүрдүүлэх, тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалыг боловсронгуй болгох, даатгуулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын байгууллага болон сангийн санхүүгийн системийг бүрэн цахимжуулах зорилтыг дэвшүүлж буйг сайд Т.Аубакир танилцуулгадаа дурдав.
НДҮЗ-ийн 2025 оны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа, С.Зулпхар нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн халамж, тэтгэмжийн аргачлал, зохицуулалтыг уян хатан болгож, хүртээмжийг дээшлүүлэх, үр дүнг тайлагнахдаа ахиц, өсөлтийг тодорхой дурдах, урьд өмнө гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг зөвлөв.
Байнгын хороооны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж амжаагүй тул хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English