Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.18) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 64 гишүүн хүрэлцэн ирснээр 50.8 хувийн ирцтэйгээр 10.02 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэхээр товлов.
Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах хүрээнд нэгдсэн хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийг бүртгүүлсэн цаг, минутын дарааллаар танхим дахь дэлгэцээр гаргадаг болсон талаар мэдээллээ. “Ийм байдлаар нэгдсэн хуралдаанд хэн, хэдэн цагт ирсэн, хэн ирээгүй байгаа, хэн өвчтэй, чөлөөтэй, гадаад, дотоод томилолттой байгааг ил тод мэдэж болно. Мөн ирцэд бүртгүүлсэн ч санал хураалтад оролцсон, оролцоогүй талаарх мэдээллийг олон нийт, гишүүдэд нээлттэй, ил тод байдлаар харуулдаг болж байгаа” хэмээн танилцууллаа.
Дараа нь Улсын Их Хурлын дарга өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсныг танилцуулсан. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан гэв. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд, энэ сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд хуваарилжээ.
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Засгийн газрын 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулав.
Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн байна. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Байнгын хорооны дээрх танилцуулахтай холбогдуулан урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, П.Ганзориг, Р.Эрдэнэбүрэн, Ч.Ундрам, Л.Гантөмөр, Б.Жавхлан нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Шударгаар бизнес хийгээд, эрсдэл үүрээд, эдийн засгийн эргэлтэд хувь нэмрээ оруулдаг бизнес эрхлэгчдийг татвар тэргүүтэй асуудлаар эрүүжүүлээд, санкцтай болгон яллагдагч, ялтан болгох ёсгүй гэдэг байр суурийг С.Эрдэнэболд гишүүн илэрхийлсэн. Татвар төлөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, мөнгө угаах зэрэг асуудлыг олон улсын жишигт нийцсэн түвшинд зохицуулсан эсэхийг тодруулсан асуултад “ЭЗХАХБ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн хамтарсан “Хил хязгааргүй татварын байцаагчид” санаачилгад Монгол Улс нэгдсэн. Энэ хүрээнд манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын компаниудын тайланг хүлээн авч, нөгөө талд хүргүүлэх зэргээр солилцох боломж бүрдэж байгаа. 2028 оноос хэрэгжиж эхлэх мөнгө угаах, татвар шилжүүлэх асуудлуудад хяналт тавих боломж бүрдэнэ” гэдэг хариултыг Х.Ганхуяг гишүүн өгөв. Бизнесийн эрх чөлөөний тухай болон татварт багц хуулийн төслүүдийн үзэл баримтлал нийцэж буй эсэхийг тодруулахад Х.Ганхуяг гишүүн “Төрийн бүтцийг цомхон, зөвшөөрлийн тоог багасгах замаар төрийн оролцоог багасгах зэрэг нь Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн үзэл баримтлалын дагуу буюу бизнесийн эрх чөлөөг олгох зорилготой” хэмээн хариулсан.
Эцсийн хэлэлцүүлгийг нь хийж буй энэхүү төслөөр аж ахуйн нэгжүүдэд нэн тустай зохицуулалт орсныг Д.Энхтүвшин гишүүн онцолсон. Татвар төлөх нь Үндсэн хуулиар, үл маргах журмаар хүлээсэн үүрэг гэдгийг тэрбээр тодотгоод “Гэхдээ бизнесийн үйл ажиллагааны явцад татварын өрүүд үүсдэг. Энэ тохиолдолд татварын байгууллага үл маргах журмаар татварын өрийг барагдуулахаар дансыг нь хаадаг байсныг өөрчилж, дансанд орж ирсэн орлогын 70 хувийг татварын өрөнд суутгаж, 30 хувийг үйл ажиллагаандаа зарцуулах боломж олгож байгаа. Төслийн ихэнх заалт 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих ч үл маргах журмаар татварын өрийг 70/30 хэмжээтэйгээр суутган барагдуулах зохицуулалт нь хуулийн төсөл батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэв. Иймд татварын байгууллагууд хуулийн хэрэгжилтийг хангаж, аж ахуйн нэгжүүдэдээ дэмжлэг үзүүлэх хүрээнд анхаарч ажиллахыг хүссэн.
А.Ариунзаяа гишүүний тодруулсны дагуу Х.Ганхуяг гишүүн төсөл дэх зохицуулалтуудын талаар товч мэдээлэл өгсөн юм. Ирэх 2027, 2028 онд эдийн засгийн өсөлт 0.7 пунктээр нэмэгдэх тооцоолол байгаа ба энэ тохиолдолд өрхийн орлого 3 хувиар нэмэгдэх юм байна. Татварын багц хуулийн төслийн хүрээнд хувь хүний орлогын албан татварт хоёр шатлал нэмэх бөгөөд 0-792 мянга хүртэлх төгрөгийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй. Энэ заалт 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 792000-2000000 төгрөгийн орлогод нэг хувийн хувь хүний орлогын албан татвар ногдуулах бөгөөд энэ заалт 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм. Энэ зохицуулалтууд зөвхөн 2000000 сая төгрөг хүртэлх орлоготой иргэнд үйлчилнэ гэж зарим нь ташаа ойлгоод байна билээ. Цалин авч буй бүх хүний авч буй цалин дээрх зохицуулалтад хамрагдаж, 2000000 төгрөгийн орлогод ногдуулсан нэг хувийн татвар авсан зөрүүгээр гар дээр очих цалин нь нэмэгдэнэ гэсэн үг. Харин 2000000 сая төгрөгөөс илүү орлого өөр шатлалын хувь хүний орлогын албан татвар ногдуулна. Мөн тусгай хамгаалалттай бүс нутгаас бусад байршил дахь орон сууцаа худалдвал 2 хувийн татвараас чөлөөлөгдөнө.
Аж ахуйн нэгжийн орлогыг албан татвар дээр 15 хувийн шатлал гэдэг зохицуулалтыг тусгасан. Уул, уурхайн бус компаниудын орлогыг хамгаалах зорилгоор 10 хувиас шууд 25 хувь руу өсдөг байсан шатлалын дунд 15 хувийн шатлалыг нэмж байна. Мөн спортын тодорхой төрлийг татварын хөнгөлөлтөөр дэмжих зохцуулалт туссан гэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гармагц татварын өр үүсдэг байсныг өөрчилж, тухайн компанийн үйл ажиллагаанаас нь хамаараад үнэлгээ хийсний дагуу хоёр хүртэлх сараар хойшлуулах юм байна. Татварын өртэй компанийн дансыг хаадаг байсныг өөрчилж, орлогын 70 хувийг татварын өрд сутуган, үлдсэн 30 хувийг тухайн компани үйл ажиллагаандаа зарцуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслүүдийн хүрээнд 2.5 их наяд төгрөгийн татварын ачаа дарамтыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруунаас хөнгөлж чөлөөлөх болно гэдгийг П.Ганзориг гишүүн цохон хэлсэн. Үүний дунд ажил хөдөлмөр эрхэлж, цалин авч байгаа 1050000 мянган хүний цалин орлогод үзүүлж буй хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь өрхийн орлогын бодит дэмжлэг болно гэдгийг тэмдэглэв.
Татварын харилцаанд хиймэл оюун ухааны ашиглалттай холбоотой зохицуулалт тусгасан эсэхийг, их хэмжээний алданги тооцох эрсдэлээс хамгаалах зохицуулалтууд хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн эсэхийг, нийслэлд бүртгэлтэй атлаа орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг орон нутгийн татвар төлөгчөөр бүртгүүлэх асуудлыг шийдвэрлэх эсэхийг гишүүд тодруулж, ажлын хэсгээс тус бүрд нь хариулт, мэдээлэл, тайлбар авсан юм.
Ийнхүү гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцууллаа.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал энэ сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо Лхагва гарагийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах үед гишүүд асуулт, санал гаргаагүй байна. Нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Төсвийн байнгын хорооны дээх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, О.Саранчулуун, Н.Алтаншагай нар асуулт асууж, Х.Ганхуяг гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Мэдээллийн технологи, спортын салбарт татварын дэмжлэг үзүүлж буйг дэмжиж буйгаа Л.Мөнхбаясгалан гишүүн илэрхийлээд энэ жишгийн дагуу ус ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлсэн, усны хэмнэлтийн технологи нэвтрүүлсэн, усыг дахин ашигласан, усны алдагдлыг бууруулсан тохиолдолд мөн татварын дэмжлэг буюу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлдэг байх хэлбэрээр экологи, усны асуудалд анхаарал хандуулах боломж бий эсэхийг тодруулж байв. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.1-д “ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах;” зэрэг үйл ажиллагааг төрөөс татварын бодлогоор дэмжихээр заасан. Холбогдох журамдаа энэ дагуу салбарын яам буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тусгах шаардлагатай байгаа талаар Х.Ганхуяг гишүүн мэдээлэл өгсөн. Байгаль орчноо хамгаалах асуудал дээр нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, түүнийг нь татварын бодлогоор сайн дэмжих нь илүү оновчтой гэв. Мөн гишүүд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль дахь даатгалтай холбоотой зохицуулалтаар хэр хэмжээний орлого бүрдүүлсэн, хуулийн этгээдийн дансыг хааснаас үүдэн үйл ажиллагаа нь таслалдсан, дампуурсан аж ахуйн нэгжүүдийн тоо, нөлөөллөөр нь нийгэм, хүн ам зүйн асуудалд ямар үр дагавар үүссэн талаар судалсан эсэхийг тодруулж байв.
Төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагын талаар үг хэллээ. “Улсын Их Хурал хоёр жилийн өмнө нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, байгаль орчин, спортын чиглэлээр бүтээн байгуулалт юм уу, дэмжлэг туслалцаа үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийг 2024 оны 8 дугаар сард баталсан. Гэтэл Улсын Их Хурлын баталсан хууль хэрэгжихгүй байна. Засгийн газар “Дургүйд хүчгүй” гэж хандаж байна. Волейболын холбооны удирдлагууд, тамирчидтай уулзахад “Баталсан хууль чинь хэрэгжихгүй байна. Сагс, волейболын лигт оролцож байгаа тамирчид өнөөдрийг хүртэл урамшууллаа авч чадахгүй, дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгжүүд зардлаа гаргасан ч хөнгөлөлтөө эдэлж чадахгүй байна” гэж байсан. Асуудал хаана үүсэв гээд судлаад үзэхээр салбарын яам нь холбогдох журмаа Сангийн яам, Татварын ерөнхий газартай нийлээд хуульд нийцүүлэх ажлаа хийдэггүй. Төрийн байгууллагуудын уялдаа, холбоотой байдлаас болж үндсэндээ хоёр жил Улсын Их Хурлаас баталсан дээрх хууль хэрэгжээгүй байна. Үүнийг 14 хоногийн өмнөх нэгдсэн хуралдааны үеэр сануулж, шийдэхийг чиглэл болгосон. Одоогийн байдлаар 300 орчим аж ахуйн нэгж нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр хүлээж байна. Ингэж удаашруулж болохгүй, яагаад хууль хэрэгжихгүй байгаа юм. Засгийн газар, салбарын яамд анхаар. Сангийн яам, Татварын ерөнхий газар ойрын үед энэ асуудлыг шийднэ шүү” хэмээсэн.
Хуулийн хэрэгжилтэд Улсын Их Хурал хяналт тавих үүрэгтэй гэдгийг С.Бямбацогт дарга тэмдэглэсэн. Хуулийн хэрэгжилтэд таван жил тутам үр дагаврын үнэлгээ хийж, хэрэгжихгүй байгаа хуулиудыг хэрэгждэг болгох, хэрэгжүүлэхгүй байгаа бол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалтууд ч бий гэв. “Энэ зорилгоор асуулт, асуулга тавих, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах зэрэг олон механизм бий. Улсын Их Хурлын Тамгын газар үүнд онцгой анхаарал хандуулаарай” гээд энэ сардаа багтаан тодорхой шийдэл танилцуулахыг чиглэл болгов.
Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй нэг саналаарх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар шийдвэрлэв.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Х.Ганхуяг гишүүн танилцууллаа.
Нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төсвийн байнгын хороо энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ. Хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн болохыг Х.Ганхуяг гишүүн танилцуулсан. Төсвийн байнгын хорооны тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтыг баримтлан санал хураалт явуулахад дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийг гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулжээ. Эдгээр саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Иймд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн нэгтгэсэн төсөлд нэмж тусгасан, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг 17.00 цаг хүртэл хойшлууллаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжилсэн юм. Засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулав.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 17, 18-ны өдрийн хуралдаануудаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-ийг баримтлан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, М.Бадамсүрэн, Б.Мөнхсоёл, Ц.Мөнхбат, О.Саранчулуун, Х.Баасанжаргал, Б.Жавхлан нар асуулт асууж, Ерөнхий сайд, ажлын хэсгээс хариулт авсан юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын ачааллыг эцсийн хэрэглэгч үүрдэг гэдгийг Х.Ганхуяг гишүүн гишүүдийн асуултуудад хариулахдаа тодотгоод аж ахуйн нэгжүүдийн хувьд тэгш байх, шударга байх зарчмын асуудал хөндөгдөж буйг тайлбарлаж байв. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь төрийн бүртгэл, хяналтын тогтолцоо байдаг онцлогийг тайлбарлаж байв. Иймд төлөх ёстой бол бүгд төлье, эс бол шударгаар бүгд төлдөггүй байх шаардлага тавьж буй учраас Засгийн газар намар төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ асуудлыг цогцоор нь харж, шийдэл боловсруулах нь зүйтэй хэмээн үзсэн гэлээ. Энэ удаагийн татварын хуулийн талаарх багц төслийн хүрээнд нийтдээ 4 их наяд төгрөгийн татвар буурч, хөнгөлөгдөж, чөлөөлөгдөнө. Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудал нь 160 тэрбум төгрөг, гол нь тогтолцоогоо эвдэхгүй, төсвөө таслалдуулахгүй, далд эдийн засгийг томруулахгүй гэх зэргээр олон талаас нь бодолцож, оновчтой шийдэл гаргах нь чухал гэдэг тайлбарыг хэлж байсан.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох зохицуулалт нь бодитой, үндэслэлтэй шинэчлэл байх болно гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэлээд, дараах тайлбарыг хийв. Нийтдээ 23000 аж ахуйн нэгж, үүний дотор хувь иргэн ч бий, тэдгээрийг дэмжих зөв бодлого хэмээн үзэж, төсөлд тус зохицуулалтыг тусгажээ. Энэ шийдлийн үр дүнд бичил бизнес, жижиг аж ахуйн нэгжүүд, хувь хүн бизнесээ өргөжүүлэх томруулах боломжтой, улмаар аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татваруудын суурь өргөжиж, нөгөө талдаа далд эдийн засгийг хумих эерэг нөлөөтэй үзүүлнэ гэж тооцсон гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг 17.00 цаг хүртэл хойшлуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ шийдвэрлэлээ. Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English