Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.06.18/ өнөөдөр үдээс хойш 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 2 гишүүнээс өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин илтгэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад, 72 гишүүн дэмжлээ. Эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хуулийн төслийг холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг танилцуулсан. Өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн уг төсөлд сурагчдын “Үдийн хоол”-ны амт, чанар, ханган нийлүүлэлтийг хэрхэн тусгасныг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тодруулахад, тусдаа зохицуулалттай учраас энэ төсөлд тусгаагүй гэсэн хариу өгөв.
Харин хүүхдэд зориулсан хоол, хүнсийг дан дотоодоос бэлтгэх бодлого баримталж буйг хууль санаачлагч гишүүн М.Мандхай тайлбарлалаа. Хүнс үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах бодлого, өөрсдийн аяга, тавгаа хэрэглэж хэвших асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, мах, махан бүтээгдэхүүнийг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих тухай УИХ-ын гишүүн П.Наранбаяр хөндөж асуусан юм.
Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэхийг санал нэгтэй дэмжиж, улмаар хуралдаанаараа нууц санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн байна.
Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Г.Ганбаатар, Ц.Баатархүү, Д.Ганбат, Х.Баасанжаргал, Б.Жаргалан, Х.Ганхуяг нар нэр дэвшигчдээс сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын ирц, оролцоог нэмэгдүүлэх, СЕХ-ны гишүүд нь угаасаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог байгууллагуудын удирдлага байдаг болохоор томилгоог хялбарчлах, сахилга, хариуцлагыг чангатгах зэргийг тодруулж, байр суурь илэрхийллээ. Нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариуллаа.
Гишүүнд нэр дэвшигчдийг дэмжих эсэх нууц санал хураалтыг түр хойшлуулж, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.
Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сард өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо хийж, санал, дүгнэлт ирүүлжээ. Зарчмын зөрүүтэй 73 санал гаргасан хэмээн УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал илтгэв. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Ж.Галбадрах, нар асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдааныг даргалж, зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсан. Гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй 61 санал тус бүрээр санал хураасан. Саналуудыг гишүүдийн олонх дэмжсэн учраас дараачийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлж шийдвэрлэв.
Мөн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас төслөө өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлснийг ийнхүү хэлэлцэв. Уг төсөлд Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгож өөрчлөх, 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр тусгасан байна. Сүхбаатар аймаг дахь 940 газар зүйн нэрийг батлах, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг засаж залруулан геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх ажээ. Ирэх онд багтаан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгах юм байна. Ингэснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдал, үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалж хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой. Зарчмын зөрүүтэй 7 санал ирүүлснийг нэг бүрчлэн санал хураахад, гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн, Засгийн газраас энэ онд 2026 оны 06 дугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр тэтгэврийн шинэчлэлийн реформоо илтгэв. Өнөөдөр мөрдөж буй тэтгэврийн даатгалын хуваарилалтын тогтолцоо орлогоороо зарлагаа бүрэн нөхөхгүй хэмжээнд хүрсэн. Тэтгэврийн санд жилээс жилд улсын төсвөөс олгох санхүүжилт өсөж байгаа гэв. Тиймээс тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт хийхгүй бол ирээдүйд хүндрэл үүсэж, хойч үедээ өр үлдээх гашуун үнэнтэй тулгарах эрсдэлтэй.
Тэтгэвэр бол хүний хөдөлмөрийн шударга үнэлэмж байх ёстой. Энэ нь зөвхөн ахмадуудын асуудал бус, шимтгэл төлөгч хүн бүрийн, олон талт, гурван цагийн хэлхээг холбосон, тооцоо, судалгаатай тогтолцоо байх учиртай. Цөөн хэсэг нь их хувь нэмэр оруулж, бага хувь нэмэр оруулсан нь ихийг хүртэж байгаа шударга бус байдлыг арилгана. Тэтгэвэр халамж биш, даатгал, ирээдүйн орлогын баталгаа, хөдөлмөрийн хөлсний хуримтлал, хөрөнгө гэж хууль санаачлагч онцолсон бол төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, А.Ариунзаяа, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар асууж, үг хэлсэн. Тэд цаг үеэ олсон чухал төслийг дэмжихээ илэрхийлж, мөн нийгмээр хэлэлцэх боломж олгохгүйгээр, яаравчлан хэлэлцэж байна гэж шүүмжлэв. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар хариулахдаа, олон жил шимтгэл төлсөн хүнд тэтгэврийн хэмжээ өндөр тогтоох, хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлт, урамшууллын хөшүүрэг бий болгох, хагас хуримтлалын сан үүсгэнэ гэсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан хуулийн төслүүдээр зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хурааж, уртасгасан цагаар хуралдаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English